Eagle news “Зочны цагт” ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.Байгаль болон НЭМҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Сувд нар оролцож 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хэрхэн хамруулах талаар ярилцлаа.
Манай улсад халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа шалтгаан юу вэ?
-Халдварын тохиолдол нэмэгдэх олон шалтгаан байна. Үүнд иргэд зун цаг болж аялал, зугаалгад ихээр явж, халдвар хамгааллын дэглэмээ мартаж байна. Мөн бидний хийлгэсэн дархлаажуулалтын хэмжээ буурч эхэлсэнтэй холбогдуулан халдварын тохиолдол нэмэгдэж байна.
Шинээр батлагдаж байгаа тохиолдлын хэдэн хувь нь омикроны БА4 ба БА5 хувилбар байгаа вэ?
-Баяр наадмын үеэр шинээр батлагдсан тохиолдлын тоо 100 байсан бол одоо халдварын тохиолдлын тоо 300 болж нэмэгдсэн. Энэ нь шинэ хувилбар болох омикроны БА4 ба БА5 иргэдийн дунд илүүтэй тархсантай холбоотой. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар Монгол Улсад тав дахь давлагаа эхэлж байна гэж үзэж байгаа.
Манай улсад дархлаажуулалтын ажил хэр үр дүнтэй байгаа вэ?
-Бид нийт хүн амынхаа 70 хувийг дархлаажуулалтад хамруулсан байгаа. Энэ дундаас нэгдүгээр тунгийн хамрагдалт хамгийн өндөр. Харин бусад тунгийн хамрагдалт буурч байгаа. Бид наймдугаар сарын нэгнээс 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад бүрэн хамруулахаар төлөвлөсөн. 5-11насны хүүхдүүдэд вакцин хийхдээ насанд хүрсэн хүнд хийх тунгийн гуравны нэгээр хоёр удаа хийх заалттай байгаа. Ингэснээр дээрх насны хүүхдүүд халдвараас 90 хувь хамгаалагдах боломжтой.
5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулснаар халдвар илүү тархахаас сэргийлж байгаа юу?
-Эдгээр насны хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдсанаар давхар гэр бүлийн гишүүдээ хамгаалах боломжтой болно. Ингэснээр бага насны хүүхдүүдийг халдвар авахаас сэргийлж давхар халдвар илүү тархахаас хамгаалж байна гэж үзэж байгаа.
5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах шийдвэрийг хэрхэн гаргасан вэ. Манай Улсад энэ төрлийн тооцоо шинжилгээг хэрхэн хийдэг вэ?
-АНУ-д өнгөрсөн онд найман сая гаруй хүүхэд вакцинд хамрагдсан. Манай улсад дархлаажуулалтын зөвлөх хороо, мэргэжлийн салбар зөвлөл зэрэг мэргэжлийн хүмүүс судалгаа шинжилгээтэй хүүхдүүдийг хамруулах шийдвэрийг гаргадаг.
Нийт хүн амын хэдэн хувийг 5-11 насны хүүхдүүд эзэлж байна. Вакцины хүрэлцээ, хадгалалтын горим хэрхэн явагдаж байгаа вэ?
-Халдвар өвчин судлал үндэсний төвд вакцины төв агуулах гэж байдаг. Тус химийн агуулахад вакциныг 24 цаг зориулалтын орчинд хадгалдаг. Харин хөдөө орон нутаг руу зөөвөрлөхөд мөн адил зориулалтын стандартаар тээвэрлэж хадгалдаг. Хүүхдийн вакцины хувьд 5-11 насны 500 гаруй мянган хүүхэд байгаа. Үүнээс бид эхний ээлжид ирсэн вакцинаараа 130 мянган хүүхдийг дархлаажуулалтад хамруулна. Засгийн газраас дараагийн хүүхдүүдийг хамрагдуулах вакциныг захиалсан байгаа. Дархлаажуулалтыг харьяа сум дүүргийн эрүүл мэндийн төв дээр хийлгэнэ.
Эх сурвалж: Eagle.mn
1 comment
Одоо болио мөнгө шааж дуусаагүй л байна уу хүүхдэд ээ хийлгэж хорлуулахгүй ээ