Цементийн үнэ ханш ямар байгааг сонирхож нийслэлийн “100 айл”-ын барилгын материалын захаар орлоо. “100 айл”-ын захад цемент харагдсангүй, худалдаачдаас сураглахад “Цаагуур чинь байгаа байх, мэдэхгүй” гэж мөрөө хавчиж, зарим нь 44 барилгын материалын захад л байгаа. Энд байхгүй” гэж хариулав. Үнэндээ нийслэлчүүдийн барилгын материалын гол цэг “100 айл”-ын захад тонноор байтугай ууттай цемент ч харагдсангүй. Наадмын өмнө 50 кг-аар савласан ууттай цементийн үнэ 30 мянгад хүрч, хомстол үүслээ гэж иргэд бухимдаж байсан.
Гурвалжингийн гүүрний зүүн талд орших барилгын материалын захуудаар орлоо. “BIG” захаар ороход цемент худалдаалж байгаа ганцхан цэг харагдлаа. Худалдаачнаас цементийн үнэ асуухад “Ганцхан МАК-ийн цемент л байна. Нэг уут нь 28 мянган төгрөг” гэж хариуллаа. Тус захын хамгаалалтын ажилтнаас цемент зарж байгаа газар өөр бий эсэхийг асуухад “44 барилгын зах ор. Эндээс цемент авч хэрэггүй. Үнэтэй байдаг” хэмээв.
44 барилгын захад МАК, “Монцемент”, “Хөтөл”-ийн цемент борлуулж байна. Уутаараа МАК-ийнх 19 мянган төгрөг, “Монцемент”-ийнх 18 мянган төгрөг, “Хөтөл”-ийнх 17 мянган төгрөгийн ханштай байна. Худалдагчаас “Хөтөлийн уут цементээ 15 мянган төгрөгөөр боруулж байгаа гэсэн. Яагаад 17 мянган төгрөг байна вэ?” гэхэд “Хөтөлийн цемент үйлдвэрээсээ 15 мянган төгрөгөөр гарч байгаа. Бид тээвэрлэлтийн зардлаа тооцоод 17 мянган төгрөгөөр борлуулж байна гэсэн хариулт өглөө. 44 барилгын материалын захаас иргэд ч “Хөтөл”-ийн цементийг хайж ирдэг бололтой.
-Хөтөлийн цемент хэзээ буух вэ?
-Хэзээ ирэхийг нь хэлж мэдэхгүй байна.
-Хөтөлийн цемент буувал хэлээрэй. Буухаар нь шууд авна шүү хэмээн хоёр эрхэм хоорондоо аминчлан ярилцаж байхтай таарав. 44 барилгын материалын захад Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн борлуулах цэг ажиллаж, ченжийн гар дамжилгүйгээр уутыг нь 15 мянган төгрөгөөр борлуулдаг. Харин цемент Хөтөлөөсөө ирсэн даруйдаа эрэлт ихтэй, хурдан борлуулагдаж дуусдаг байна.
44 барилгын материалын захад анх аян зарласан энэ сарын дөрвөнд Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК 10560 ууттай цемент нийлүүлэн борлуулжээ. Үүнээс 91.2 хувь нь хувь хүмүүс (айл өрх) байжээ. Нэг худалдан авагчид дунджаар 1.6 тонн цемент зарсан байна. 87 хувь нь байшин барих, блок, замаск үйлдвэрлэлийн зориулалтаар худалдан авсан байна.
Ченжийн гараар дамжсан “Хөтөл”-ийн цементийн үнэ өмнөх өдөр нь 23 мянган төгрөг байсан бол үнийн өсөлтийн эсрэг аяны хүрээнд 15 мянган төгөрг болон буурсан. Мөн тухайн үед МАК, “Монцемент”-ийн уут нь 25-28 мянган төгрөгөөр борлуулагдаж байсан цементний үнэ 19-18 мянган төгрөг хүрч буураад байна.
Хөтөлийн “Цемент, шохой” ТӨХК Улаанбаатарын “Толгойт”, “Амгалан” өртөө болон 44 барилгын зах гэсэн гурван газарт цэгээ нээж, 50 кг-ын уут цементийг 15 мянган төгрөгөөр худалдаалж, “Цементийн үнийн өсөлтийн эсрэг аян” зарлаад байгаа билээ. Тухайлбал, Амгалан дахь “Нутгийн мод” гэрээт борлуулагчийн агуулахад “Хөтөл”-ийн цементийг худалдаалж байна.
Хөтөлийн “Цемент, шохой” ТӨХК-ийн үнийн өсөлтийн эсрэг аян зөвхөн Улаанбаатараар хязгаарагдахгүй Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт үргэлжилж байна. Орон нутагт “Хөтөл”-ийн нэг уут цементийг 14 мянган төгрөгөөр борлуулж байгаа юм. Тухайлбал, Эрдэнэт хотод энэ сарын 20-нд аяныг эхлүүлсэн. “Эрдэнэт хотын төмөр замын ачиж, буулгах гаалийн бүсэд 132 тонн буюу 2440 шуудай цемент буулгажээ. Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Монголын ард түмэн нэг уут цементийг 25 мянган төгрөгөөр хэрэглэх ёсгүй.
Тиймээс Хөтөлийн “Цемент, шохой” ТӨХК нэг уут цементийг орон нутагт 14 мянган төгрөгөөр борлуулж байна. Энэ аян есдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Бид хангалттай нөөцтэй. Мөн бид Дарханы замын бүтээн байгуулалтад цементээ нийлүүлнэ. Энэ зам олон жил баригдаагүй. Стратегийн хоёр нийлүүлэгч рүү бүтээгдэхүүнээ нийлүүлэх учраас гуравдагч нийлүүлэгч рүү орох боломжгүй. Энэ утгаараа задгай цементээ нийлүүлэх боломжгүй гэдэг менежментийг дотооддоо хийсэн” хэмээв.
“Би хувиараа бизнес эрхэлдэг. Ард иргэдийн хувьд хямдыг эрхэмлэхгүй бол болохгүй. Үнэтэй материалаар хийвэл бүтээгдэхүүн иргэдэд өндөр үнэтэй борлогдоно. Тиймээс чанартай болоод хямд үнэтэйг нь сонговол бүтээгдэхүүн иргэдэд хямд үнээр очно. Тиймээс Хөтөлийн цемент хямд үнээр борлогдож байгаад баяртай байна” гэсэн байр суурийг иргэд хэлж байна.
Саяхан “Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэрийн чулуунцарын үйлдвэрт гэмтэл гарснаас үйл ажиллагаа нь доголдож, задгай цемент үйлдвэрлэхгүй байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Чулуунцарын болон цементийн гэсэн тусдаа хоёр үйлдвэр байгаа. Чулуунцарын үйлдвэрээс гарсан түүхий эдийг цементийн үйлдвэрт хүлээн авч тээрэмдээд цемент болгодог. Манай цементийн үйлдвэр хэвийн ажиллаж байгаа. Гурван тээрэм гурвуулаа ажиллаж байна. Нэг тээрэм хоногт мянган тонн цемент гаргадаг.
Бид чулуунцарын нөөцтэй учраас есдүгээр сарын нэгэн болтол үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Чулуунцарын үйлдвэр эвдэрсэн гэсэн ташаа мэдээлэл яваад байна. Чулуунцарын үйлдвэр эвдрээгүй. Харин үйлдвэрийн зуухны дотор байгаа галд тэсвэртэй тоосго байдаг. Тэр тоосгыг зургаан сар тутам солих ёстой.
Гэтэл хоёр жил болсон учир тоосго элэгдсэн. Бид үйлдвэрийг хүлээж аваад гурван сар болж байна. Элэгдсэн учраас хэт халалт үүсэхээр зуухны гадна талын төмрийг халаадаг. Хэт удаан халбал зуух гулзайна. Ингэснээр 200-300 тэрбум төгрөгийн эрсдэлд орно. Тиймээс бид эрсдэлээс хамгаалж үйлдвэрээ зогсоосон. Ингээд галд тэсвэртэй тоосгыг нь худалдан авах гэрээгээ хийсэн. Үйлдвэрлэлийн процесс явж байна” гэсэн тайлбарыг хэвлэлд өгсөн байна.
Ямартай ч Хөтөлийн “Цемент, шохой” ТӨХК-аас санаачлан хэрэгжүүлж байгаа цементийн үнийн өсөлтийн эсрэг аян зорилтод хэрэглэгчдэдээ хүрч, үр дүнгээ өгч байна.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН