Зэвсэгт хүчний 123 дугаар цэргийн ангид сүрьеэгийн халдвар тархсантай холбоотойгоор ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач, эмч Б.Цолмон мэдээлэл өглөө.
Тэрбээр “ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасаг Ховд аймгийн 123 дугаар цэргийн ангид ажиллаад ирлээ. Дөрөвдүгээр сард эхний өвчлөлүүд гарсан байсан ч нууц үеийн хугацаа таарсан. Гэхдээ хариу арга хэмжээнүүдийг авч дэгдэлтийг хяналтад аваад байна. Эмчилгээнд хамрагдаад цэргүүдийн биеийн байдал ч сайн байгаа. Цэргийн анги нь өөрөө өвөрмөц орчин. Ялангуяа амьсгалын замын халдварын үед эрсдэлтэй нөхцөл болох гээд байдаг. Мөн ар гэрийн хавьталтай байлдагчид их байна. Эрэгтэйчүүдийн дунд, цэргийн насны залууст сүрьеэгийн өвчлөл хамгийн их байдаг. Өвчлөлийг тархахаас сэргийлж сүрьеэгийн нянг өвчлөл болохоос өмнө устгах урьдчилан сэргийлэх эмчилгээг хийдэг. Түүнчлэн, ангийн бие бүрэлдэхүүнийг шинжилгээнд хамруулахад нийт 21 цэрэг халдвар авсан нь батлагдсан. Сүрьеэгийн халдвартай хүнийг хамгийн багадаа зургаан сарын турш эмчилдэг дэлхийн жишиг бий. Энэ жишгээрээ цэргүүдийн эмчилгээг эхлүүлсэн” гэлээ.