Гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг, … хотхоны урд Хэрлэн голд таван хүүхэд орж байснаас хоёр нь живсэн тухай дуудлага өчигдөр 09:29 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 11:53 цагт осолдсон газраас зүүн зүгт 5 км-т усны мандал дээр байсан 16 настай, эрэгтэйн цогцсыг, осолдсон газраас зүүн зүгт 15 км-т усны мандал дээр байсан 14 настай, эрэгтэйн цогцсыг 20:45 цагт олж гарган Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Иймд иргэд амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ:
Гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
Голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
Аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах,
Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохоос зайлсхийх хэрэгтэйг зөвлөж байна.
Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.