Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэн, Засаг дарга С.Өлзий, Засаг даргын орлогч Х.Давааням, ЗДТГ-ын албан тушаалтан Ц.Дэвээ, “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Цэдэнбал нарт холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж дуусжээ.
Улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5 дахь зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэн Увс аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Прокурорын байгууллага баяр наадмын өмнөх долоо хоногт мөрдөн байцаалтын 1681 хэрэгт хяналт тавьж, 300-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж.
Тодруулбал,
- эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 165,
- өмчлөх эрхийн эсрэг 57,
- бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15,
- хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 11,
- авлигын ес,
- хүрээлэн байгаа орчны эсрэг найм,
- мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах зургаа,
- хүүхдийн эсрэг гурав,
- хөдөлгөөний аюулгүй байдал,
- тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 13, эдийн засгийн болон кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг тус бүр нэгийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон аж. Тэдний дунд дээрх албан тушаалтнуудад холбогдох хэрэг багтжээ.
Увс аймгийн Өмнөговь сумын албан тушаалтнуудыг өнгөрсөн арваннэгдүгээр сард бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ынхан шалгаж эхэлсэн билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус сумын Засаг дарга С.Өлзий нь “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Цэдэнбал, Өмнөговь сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Даваасүрэн нарын ашиг сонирхлын үүднээс хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрч сүйдсэн Цэрэнцэг хэмээх газарт түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээг “Бид намирын эзэд” ТББ-ын нэрээр байгуулахын тулд долоон сая төгрөгийн хахууль авсныг тогтоосон байна.
Харин Өмнөговь сумын Засаг даргын орлогч Х.Даваанямыг хэд хэдэн удаагийн үйлдлээр дөрвөн сая гаруй төгрөгийн хахууль авсан, нэр дурдсан бусад хүмүүс хахууль өгсөн, уг хэргийг зохион байгуулж, гарын үсэг зуруулсныг нотлон шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ.