Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Ер нь жил бүр нийслэлд хөдөө орон нутгаас 20,000 орчим оюутан ирдэг. Үүнтэй холбоотойгоор цаашид их, дээд сургуулийн 1 болон 2 дугаар курсэд сурч буй оюутнуудыг тухай орон нутагт байгаа төрийн өмчийн их, дээд сургуулиудад суралцуулах, үүнд төрөөс тодорхой дэмжлэг үзүүлнэ.
Мөн их, дээд сургуулиудын ур чадвар сайтай багш нарыг хөдөө орон нутагт очиж багшлахад нь цалинг нь хоёроос доошгүй хувиар нэмэгдүүлж, орон байрны дэмжлэг үзүүлэх байдлаар сайн их, дээд сургуулийг хөдөө орон нутагт бий болгоно.
Түүнчлэн 2+2 буюу хөдөө орон нутгийн хүүхдүүд тухайн орон нутагтаа хоёр жил сураад, хоёр жил Улаанбаатар хотод сурах эсвэл нэг жил орон нутагтаа сураад гурван жил Улаанбаатарт сурах олон боломжуудыг өгнө гэсэн сонголтуудыг хийж байна.
Дархан, Эрдэнэтэд төрийн өмчит их, дээд сургуулиуд нээгдэнэ. Мөн Өмнөговьд ШУТИС-ийн уул уурхайн сургууль анх удаа Монгол Улсад давхардсан бус хөтөлбөрөөр элсэлт авч, есдүгээр сард 120 орчим оюутантайгаар хичээлийг эхлүүлэх юм.
Цаашид Өмнөговьд “Оюу толгой” компанитай хамтарч уул уурхайн томоохон их, сургуулиудын кампусуудыг барьж байгуулна. Мөн Эрдэнэт, Дархан хотод ч ийм кампусуудыг барьж байгуулах ажлыг эхэлж байна” гэлээ.