Гадаадын иргэн, харьяатын газраас түр ирэгчийн Монгол Улсад байх хугацаа сунгах болон гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэх гэсэн хоёр төрлийн үйлчилгээний хүсэлтийг зургаадугаар сараас эхлэн цахимаар хүлээн аваад буй.
Ингэснээр гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд заавал биечлэн ирэх шаардлагагүйгээр https://immigration.gov.mn/mn/ цахим сайтад хандан үйлчилгээний хүсэлтээ илгээх боломжтой.
Түүнчлэн визийн сунгалт болон хасалтын тэмдэглэгээг Монгол Улсаас гарах үедээ хилийн боомт, эсвэл өөрт ойр байрлах Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт, орон нутаг дахь салбар нэгж, аймгуудын ахлах мэргэжилтнүүдэд хандан хийлгэж болно. Мөн дээрх үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цахим хуудаснаас англи, орос, хятад, солонгос хэлээр авах боломжтой.
Тус үйлчилгээ цахимжсанаас хойш 553 иргэнд оршин суух зөвшөөрлийн хасалт, 119 иргэнд виз сунгалтын үйлчилгээг тус тус цахимаар үзүүлжээ.