Монголын Үндэсний статистикийн хорооноос гаргадаг өнгөрсөн жилийн улсын статистик мэдээлэл болох “Монгол Улсын Статистикийн Эмхэтгэл-2021”-тэй танилцлаа.
Монгол Улсын нийт хүн ам 2021 онд 3 409.9 мянга болж, өмнөх оноос 52.4 мянга (1.6%)-аар нэмэгджээ. Улсын хэмжээнд 2021 онд 73.3 мянган хүүхэд төрснөөс 71.1 мянга (97.0%) нь Монгол Улсад, 2.2 мянга (3.0%) нь гадаадад төрсөн байна.
Өрхийн тоо 2021 оны эцэст 920.2 мянга болсны 66.9 хувь нь хотод, 33.1 хувь нь хөдөө байгаа бөгөөд улсын дунджаар нэг өрхөд 3.6 хүн ногдож байна. Төрөх үеийн хүйсийн харьцаа 2021 онд 100 охинд 105 хөвгүүн ногдож байна. 1000 хүнд ногдох төрөлт 2021 онд 21.6 болж, өмнөх оноос 2 хүнээр буурав.
Нийт 16.1 мянган хос 2021 онд гэрлэлтээ бүртгүүлж, 3.4 мянган гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Өмнөх оноос бүртгүүлсэн гэрлэлт 13.1 хувиар, цуцлалт 2.3 хувиар өссөн байна.
Харин 2021 онд 1.3 мянган хүүхэд үрчлүүлж, 2020 оноос 17.0 хувиар буурчээ.