Замын шинэчлэлийн ажлын талаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.
Тус газрын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Алагаа “Явган хүний болон дугуйн замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Бага тойруу орчимд есөн ажил төлөвлөсөн. Үүнээс 4-5 ажлын зураг төсөл гарсан. Манай байгууллага зураг төслийн хүрээнд дөрвөн ажлыг гүйцэтгэж байгаа. Хамгийн өндөр ачаалалтай байршлуудаас эхэлж замыг шинэчилж байна. Замын нөлөөлөлд аж ахуйн нэгжүүдийн үүдний довжоо, сурталчилгааны самбар, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ зэрэг байгууламжууд өртөж байна. Энэ нь ажил удаашрах шалтгаан болж байгаа. Харин иргэд замын шинэчлэлийг дэмжиж байна. Явган хүний зам алхахад ямар ч саадгүй, өргөн цэлгэр байхаар төлөвлөсөн. Ажлыг наймдугаар сарын 25-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна” гэлээ.
Мөн Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын инженер Л.Цэрэндорж “Баянзүрх дүүргийн 26-р хороонд 6800 метр квадрат явган замын шинэчлэлийн ажил хийгдэхээс 50 хувийн гүйцэтгэлтэй буюу 3400 метр квадрат талбайг шинэчилсэн байна. 1.5 метр өргөнтэй, явган хүн зорчиход хүндрэлтэй байсан талбайг 3-5 метр өргөн болгон шинэчилж байгаа. Мөн явган замын бүх орц, гарцуудаар тэргэнцэртэй иргэд аюулгүй зорчиж болохоор нэг түвшний рамп хийж байгаа. Газар чөлөөлөхөөр одоогийн байдлаар 27 аж ахуйн нэгжтэй тохиролцсон” гэлээ.