Монгол Улсын Засгийн газрын зүгээс ОХУ-ын “Роснефть” компанитай олон удаагийн хэлцэл хийсний үр дүнд өнөөдөр нэг тонн АИ-92 авто бензинийг 840 ам.доллароор буюу дэлхийн зах зээлийн ханшаас 25-30 хувийн хямд үнээр худалдан авч, дотоодын зах зээлд борлуулж байна.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг манай улсад айлчлах үеэр өргөн хэрэглээний АИ-92 авто бензиний үнийг энэ он дуустал нэмэхгүй байх талаар ярилцаж, хэлэлцээр үр дүнд хүрсэн. Цаашид АИ-92 бензиний үнийг нэмэхгүй байх талаар Засгийн газар, УУХҮЯ-ны зүгээс ОХУ, БНХАУ-тай хэлэлцээр хийн ажиллаж байна.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн 4 сарын хугацаанд тасралтгүй өссөөр Брэнт төрлийн газрын тосны үнэ баррель нь 110-120 ам.долларт хэлбэлзэж ирсэн бөгөөд ОХУ-аас манай улсад нийлүүлэх бүх төрлийн шатахууны импортын хил үнэ дэлхийн зах зээл дэх шатахууны үнэтэй шууд хамааралтай байдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас АИ-92 бензиний импортын хил үнэ байнга нэмэгдэж, тус бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөл байдалд хүрсэн тул УУХҮЯ-наас ОХУ-ын “Роснефть” компанитай хэлэлцээр хийж, 840 ам.доллар/тонноор буюу 25 хувийн хөнгөлөлтэй үнээр нийлүүлэхээр тохиролцсоны үр дүнд тус шатахууны үнийг өнөөдрийг хүртэл 2390 төгрөгт тогтвортой хадгалж байна.