CISM буюу Армийн Дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 3-9-ний өдрүүдэд ХБНГУ-ын Варендорф хотноо зохион байгуулагдсан билээ. Анх удаа болж буйгаараа онцлог тус тэмцээнд 26 орны 30 гаруй баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд манай улсаас БХЯ-ны харьяа “Алдар” спорт хорооны “Алдар-Танан гарьд” багийн тамирчид эх орноо төлөөлөн амжилттай оролцоод өнөөдөр /2022.07.16/ эх орондоо ирлээ.
Тэмцээний эрэгтэй төрөлд БНЛУ /Литва/, АНУ, БНФУ-ын баг тамирчид эхний гурван байрыг эзэлсэн бол манай улсын баг тамирчид 9 дүгээрт байрт шалгарчээ. Тэгвэл эмэгтэй төрөлд I байрт ХБНГУ, II байрт БНФУ-ын баг тамирчид шалгарсан бол манай улсын баг тамирчид АНУ-ын багтай III байрын төлөөх тоглолтыг хийж 15:13-ын харьцаагаар ялалт байгуулан хүрэл медалийн эзэд болж чаджээ.
Түүнчлэн гурван онооны шидэлтийн аварга шалгаруулах эмэгтэй төрөлд “Алдар-Танан гарьд” багийн тамирчин, спортын мастер Ө.Индра тэргүүлж, алтан медаль хүртсэн аж.
Тэмцээний талаар “Алдар-Танан гарьд” багийн дасгалжуулагч, МУГД О.Баярцогт “Нэлээд өргөн хүрээг хамарсан, ширүүн өрсөлдөөнтэй тэмцээн болж өндөрлөлөө. Тэр тусмаа манай эрэгтэй багийн хувьд Литва, Солонгос, Америк, Францын баг тамирчид хамгийн ширүүн өрсөлдөгчид байлаа. Мөн эмэгтэй багийн хувьд Герман, Франц, АНУ-ын багууд хүчтэй өрсөлдөгчид байж, нэлээд хүнд тоглолтуудыг хийсэн. Манай охид хэдийгээр зоондоо АНУ-ын багт хожигдсон ч хүрэл медалийн төлөөх тоглолтыг маш амжилттай эргүүлж, ялсан. Мэдээж АНУ-ын шигшээ багийг хожно гэдэг амаргүй даваа байлаа. Тэр ч утгаараа тэмцээний зохион байгуулагчид болон оролцогч орнуудын баг тамирчид, багш дасгалжуулагч нар биднийг маш өндөр үнэлсэн. Тодруулбал, тамирчдын ур чадвар, авхаалж самбаа, хурд хүч, тамирчны ёс зүй өндөр түвшинд байгааг, медальт байр эзлэх тааврыг эвдсэнийг онцлон дурдсан нь манай тамирчдад их урам зориг, итгэл үнэмшлийг өгсөн” хэмээлээ.
Мөн тамирчин Б.Цацрал “Тэмцээний тоглолт болгон амар байгаагүй, нэлээд хүнд учраануудтай таарсан. Тэр болгонд бид өөрт байгаа бүхий л нөөц боломжуудаа дайчлан, аль болох самбаачилж тоглохыг эрмэлзсэн. Европын орнуудын тамирчид Азиудыг бодвол харьцангуй өндөр нуруутай тул тэдэнтэй хурд, ур чадвараараа илүүрхэж өрсөлдөх тактикийг боловсруулан тоглосон. Армийн Дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн анхны тэмцээний хүрэл медалийг эх орондоо авч ирсэндээ баяртай байна. Түүнчлэн Монголын тамирчид ингэж тоглоно гэж тооцоолоогүй, хүлээлтээс дээгүүр байлаа, тоглолтын ур чадварын хувьд үнэхээр чансаатай байж чадлаа гэсэн зохион байгуулагчдын үнэлгээ биднийг маш их урамшууллаа” гэв.
Ташрамд дурдахад, дээрх амжилт нь
“Соёмбо” сонин