Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний сурын харваанд эмэгтэй 180 шигшмэл харваач оролцож, цэц мэргэнээ сорилоо.
Үндэсний сурын харваанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Нийслэлийн 52 дугаар сургуулийн багш Б.Пунсалдулам 38 оноогоор тэргүүлж, Монгол Улсын Даян мэргэн цол хүртлээ.
Тэрбээр 1999 онд Нарийнтээл сумын ЕБС-д элсэн орж 2003 оноос анх тус сургуулийн биеийн тамирын багш С.Ууганзаяагийн удирдлага дор үндэсний сурын спортоор хичээллэж эхэлсэн байна. Хичээллэсэн жилдээ Өвөрхангай аймгийн баяр наадмын үндэсний сурын хүүхдийн харваанд түрүүлснээр амжилтын буйхаа эхэлжээ. Улмаар Өвөрхангай аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд 1 удаа түрүүлэн Аймгийн мэргэн цол хүртсэн. 2009 оноос аймгийн мэргэн, спортын мастер Б.Жалбаа багшийн удирдлага дор үндэсний сурын харваагаар үргэлжлүүлэн хичээллэж улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол оролцож байв. 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар 1 дүгээр байрт орж Монгол Улсын мэргэн цол хүртсэн билээ.
Энэ жилийн үндэсний сурын харвааны хоёрдугаар байрт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, “Их говийн наран” багийн харваач, спортын мастер Ц.Түвшинбат орж, гарамгай харваач боллоо.
Гуравдугаар байрыг спортын мастер М.Мөнх-Амгалан эзэлж, гоц харваач боллоо.
Эх сурвалж: MNB.mn