Өнөөдөр буюу долоодугаар сарын 12-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, зүүн хажуугийн Барх, Эг, Онон, Хэрлэн, Улз, Хангай нурууны арын Хануй, Идэр болон Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-55 см нэмэгдэж, Хархираа, Бэлтэс, Үүр, Онон, Улз голын адаг болон Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 10-90 см даван тус тус үерлэж байна.
Маргааш буюу долоодугаар сарын 13-нд Эг гол Хантай баг орчимд усны түвшин 30 см, Дэлгэрмөрөн гол Мөрөн орчимд 35 см, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд 5-10 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд 25 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Өнөө маргаашдаа нутгийн баруун болон зүүн хэсгээр түр зуурын усархаг бороо орох төлөвтэй байгаа тул дээрх голууд болон Баянөлгий, Увс, Завхан, Хэнтий, Дорнод аймгаар урсан өнгөрдөг гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, жижиг гол хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух магадлал өндөр байна.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаараал халамжаа сайжруулах, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Гадаргын усны судалгааны хэлтэс