НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй дараах мэдээллийг өглөө.
Нийслэлийн хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар 1154 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага мэдээллээр алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь өмнөх оныхоос 10 хувиар нэмэгдсэн. Нийт дуудлага мэдээллийн 1085 буюу 94 хувийг объектын гал түймэр, тав буюу 0.4 хувийг ой хээрийн түймэр, 64 буюу 5.6 хувийг аврах ажиллагааны дуудлага эзэлж байна. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослоос 1420 иргэний амь нас, эрүүл мэнд, 48 тэрбум 545 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Баяр наадмын амралт олон хоног үргэлжилж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэл, дүүргийн Онцгой комиссын гишүүд болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгосон. Байгууллага дээр жижүүр ажиллуулах, гамшиг ослын үед ажиллах аврах бүлгийг томилох, утсаа 24 цагийн турш нээлттэй байлгах үүрэг өгсөн.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/778 дугаар захирамжийг хэрэгжүүлж, Туул, Тэрэлж, Хэрлэн голд завьт болон хөдөлгөөнт явган эргүүлийг 10:00-20:00 цагуудад 180 км газарт үүрэг гүйцэтгэж байна. Үүний үр дүнд Онцгой байдлын газрын алба хаагчид усанд осолдож, живж байсан 36 иргэний амийг авран хамгаалсны дээр усанд осолдсон 10 хүний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Онцгой байдлын газраас усны ослын тоо, хохирлыг бууруулах, иргэдийг урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах, мэдлэг мэдээллээр хангах зорилгоор “Анхаарахад л болно” нөлөөллийн аяныг хэрэгжүүлэн ажиллаж байна. Аяны хүрээнд гол, усны аюул ослоос урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч байна гэлээ.
Иргэд гол, мөрөн, нуур, тогтоол усны орчимд амрах, зугаалах үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг НОБГ-аас онцгойлон анхаарууллаа. Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд мэргэжлийн байгууллагууд хамтран гол, нуурын завьт болон эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, аюулгүй байдлыг хангуулж, гол, нуур, тогтоол усанд зориулалтын бус хийлдэг завь, гудас, автомашины дугуйн дотуур хаймар ашиглахгүй байх талаар сэрэмжлүүлэг өгч, иргэд олноор цуглардаг гол дагуу эрсдэл бүхий газруудад усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, анхааруулах самбарыг шинэчлэн байрлуулж буй юм.
Цагдаагийн байдлаас өгсөн мэдээллээр иргэд олуулаа аялж зугаалах үедээ усанд эрдэх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орсноос эрсдэл үүсдэг аж. Мөн хүүхдэд тавих хараа хяналтыг сулруулснаас тогтоол ус болон Туул голын салбарт усанд орж, усанд осолдсон тохиолдол гарсан байна. Тиймээс иргэд голын эргээс 50 метрийн зайтай буудаллах, баталгаат зам, гүүр, гарц, гармаар гарч занших, хайртай дотно хүмүүсээ эрсдэлээс хамгаалж байхыг онцлон сануулж байна.