Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зээлийн мэдээллийн сан буюу хар жагсаалттай холбоотой хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа асуудлыг судлан зөрчлөө арилгасан иргэдийн мэдээллийг засаж, цаашид банкнаас бусад байгууллагын мэдээллийг дээрх санд хадгалахгүй байх талаар зохицуулалт хийх тухай албан бичгийг Монголбанкинд хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Монголбанкнаас зээлийн мэдээллийн сандаа тохируулга хийсэн тухай мэдэгдэл гаргасан байна.
Монголбанкнаас гаргасан мэдэгдэлд “Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд орж, авсан зээл нь хэвийнээс бусад ангилалд орсон 50 мянга гаруй иргэн, ААН-ийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд харагдуулахгүй байх тохируулгыг хийлээ.
Үүнээс гадна, цаашид Монголбанкны Зээлийн мэдээллийн санд үүрэн холбооны үйлчилгээ, үүрэн холбооны оператор компаниудын гурвалсан үйлчилгээний (IPTV, интернэт, суурин утас) төлбөрийн мэдээлэл нийлүүлэхийг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов” гэсэн байна.