Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг наадмын өдрүүдэд хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмж хүргэлээ.
Тэрбээр “Өнөөдөр дэлхийн хэмжээнд жил бүр 6 сая хүн ямар нэг байдлаар бохирлогдсон хоол хүнс хэрэглэсний улмаас хоолны хордлого, хоол хүнсээр дамжих өвчнөөр өвчилж, 420,000 хүн нас бардаг.
Манай улсад ч хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин гарч байдаг. 2022 оны эхний зургаан сарын байдлаар л гэхэд гурван удаагийн дэгдэлт гарч, 74 хүн өвчилж, 14 хүн ХӨСҮТ-д эмчлэгдсэн байна.
Баяр наадмын өдрүүдэд хоолны хордлогоос сэргийлэхэд анхаарах ёстой зөвлөгөө
1. Хоол, хүнсийг цэвэр байлгах ёстой. Энэ нь бидний гараа угааж, цэвэр байлгахаас эхэлнэ. Ер нь гарын ариун цэврийг сахих ач холбогдлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын үе бодитойгоор баталж харуулсан бөгөөд 2020, 2021 онд хоолны хордлого, гэдэсний халдварт өвчний тохиолдол буурсан.
2. Хүнстэй хүрэлцэж байгаа бүх гадаргууг цэвэр байлгах ёстой. Мөн хүнс борлуулж байгаа орчин маш цэвэр байх шаардлагатай. Мөн болсон болон түүний хүнсийг заавал тусгаарлах ёстой. Бид шууд идэж хэрэглэдэг хүнсийг заавал халуун боловсруулалт хийж байж хэрэглэх ёстой түүхий хүнстэй нэг дор байлгаснаас хоолны хордлого гарч болдог. Манай улсад хэдэн жилийн өмнө түүхий хүнсийг болсон хүнсний нэг дор байлгасны улмаас 550 хүнийг хамарсан хоолны хордлого гарч байсан жишээ бий.
3. Гүйцэд чанаж болгох нь хамгийн чухал. Дэлхий дээр гарч буй хоолны хордлогын 30-аас дээш хувь нь нянгийн гаралтай буюу эмгэг төрөгч нянгаар үүсгэгдсэн байдгийг санах ёстой. Энэ нь өөрөө 70-аас дээш хэмд устаж үгүй болдог тул заавал гүйцэд чанаж болгох хэрэгтэй анхааруулж байна. Ялангуяа наадмын өдрүүдэд худалдаж авч буй хуушууруудын мах нь улаан эсэхийг харж, гүйцэд болсон эсэхийг шалгаж анхаарах ёстой.
4. Хүнсийг зохих хэмд хадгалах ёстой. Орчны температур бага хэмжээгээр өөрчлөгдөхөд бүтээгдэхүүний шинж чанар нь алдагдаж, өвчин үүсгэгч өсөж үржих таатай орчныг бүрдүүлдэг. Ялангуяа уураглаг хүнсний бүтээгдэхүүн болох мах, сүү, өндөг болон салаат зэрэг эмзэг хоол хүнсийг зохих хэмд хадгалах ёстой.
5. Баталгаат хүнс хэрэглэх ёстой. Таны авч хэрэглэж буй хоол хүнс ямар нөхцөлд байгааг анхаарах ёстой. Ил задгай байлгах ёсгүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг анхааруулъя.
Өндөг, гадил болон хурдан мууддаг жимснүүдийг гадаа ил задгай худалдаж болохгүй. Иймд тухайн хүнсний бүтээгдэхүүнийг аюулгүй байлгах найдвартай эх үүсвэрээс авах шаардлагатай.
6. Хэт халуун үед өөрсдийн уух шингэнийг өөрөөс бэлдэх авч явахыг зөвлөж байна. Усаар дамжих гэдэсний халдварт өвчин маш их байдаг тул голын эргээр аялж амарч байхдаа голын түүхий ус ууж болохгүйг сануулж байна. Заавал чанаж буцалгаж уух ёстой” гэв.