Манай дарга нар өөрсдөө төрийн мөнгөөр гадаадад сурсан. Одоо хүүхдүүд нь үргэлжлүүлэн сурч байна!!!
Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хүүхэд гадаадын үнэтэй сургуульд төсвийн зардлаар сурна. Эцэст нь Боловсролын сайдын ганц тушаалаар бүгдийг нь сургалтын зээлээс чөлөөлнө. Гэтэл дотооддоо зээл авч сурсан хүмүүсийг чөлөөлөхгүй. Ялгаварлан гадуурхалт энэ мөн биз?
1997-2008 онд одоогийн УИХ, ЗГ-ын гишүүд төсвийн мөнгөөр өөрсдөө гадаадад сурсан бол 2008 оноос хойш тэдний хүүхдүүд нь гадаадад мөн л татвар төлөгчдийн мөнгөөр сурсан байна. УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол, Н.Ганбямба, одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатарын хүүхдүүд бүгд гадаадад төсвийн зардлаар сурчээ. Ах дүү, хамаатан садан гээд хөөвөл тоогоо алдана. Сонгон шалгаруулалтыг АЖЛЫН ХЭСЭГ гэх хэдхэн хүн шийднэ. Нам, эрх мэдлээрээ дамжуулан томчуудын хүүхдүүд л энд багтана. Нэгэнт төрийн өндөр албан тушаал хашигсдын хүүхдүүд сурдаг учраас дүрэм журмыг өөрсдөдөө зориулан өөрчилсөөр өнөөдөр эмх замбараагаа нэгэнт алджээ. Өмнө нь зөвхөн баклаварын төлбөрийг даадаг байсан бол одоо доктор, магистр ч нэмэгдсэн.
Мөн зөвхөн сургалтын төлбөрийг төрөөс даадаг байсан бол одоо бусад санхүүгийн дэмжлэг нэрийн дор батлан даалт гаргахад шаардагдах зардал, буцалтгүй тусламж хүртэл олгохоор болжээ. Тэр ч бүү хэл өмнө нь 2 жилийн хугацаатай байсан бол одоо “суралцах хугацаандаа” болгон өөрчилснөөр хэдэн жил ч хамаагүй төлдөг болжээ. Энэ бол эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө хүүхдэд зориулж баталсан журам юм. Дотоодод суралцагсад сургалтын төлбөрийн зээл авсан тохиолдолд Монгол банкны Зээлийн мэдээллийн санд бүртгэгддэг бол гадаадад суралцагсад энд бүртгэгдэхгүй. Ялгаварлан гадуурхалт. Уг нь тэд төгсч ирээд Монголдоо 5 жил ажилласан бол зээлээс чөлөөлөх журамтай ч Монголдоо ч ирээгүй хүмүүсийг үе үеийн сайд нар сургалтын төлбөрийн зээлээс чөлөөлсөөр иржээ. Сайд дарга нар ганц утас цохиод л гүйцээ. Сүүлдээ бүр Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын тэтгэлэг нэрийн дор мөнөөх л томчуудын хүүхдүүд, намчдын хүүхдүүд сурах болжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сумын хүүхдүүдийг дэлхийн нэр хүндтэй сургуульд сургана гэж амлаад 403 хүүхдийн хэлний бэлтгэлд 1,4 тэрбумыг төсвөөс гаргасан ч өнөөдөр 80 хүүхэд нь сураагүй мөртлөө сургалты төлбөр нь өөр зүйлд зарцуулагдсан гэж АТГ шалгаж буй юм байх. Зөвхөн энэ зээлд жилд 7,8 тэрбум шаардагдаж байна. Гадаадын их дээд сургуулиудын төлбөр нэмэгдэж өмнө нь баклавар 40,000-60,000 доллар байсан бол одоо 80,000-100,000 доллар болсон. Нэг хүүхэд гадаадад 4 жил сурахад Монгол төгрөгөөр 500 сая буюу хагас тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ мөнгийг төсвөөс авсан хүүхэд Монголдоо ч ирэхгүй байхад нь зээлээс чөлөөлж байна. Дээрээс нь Ерөнхий сайд дахиад гадаадад тэтгэлгээр сургана. Энэ бүхэн нийлсээр 2022 онд улсын төсвөөс 20 гаруй тэрбум төгрөгийг гадаадын их дээд сургууль руу сургалтын төлбөр нэрээр шилжүүлнэ. Улс орны маань өр зээл ямар байгаа билээ? Хамгийн гол нь энд жирийн ардын хүүхэд бараг байхгүй гэж болно. Дан төрд өндөр дээд албан тушаал болон хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүсийн хүүхдүүд сурч байна. Боловролын зээлийн сангаас зээл авсан суралцагсдыг олон нийтэд ил тод мэдээлэх журамтай ч дарга нар өөрсдийн хүүхдүүдээ гадаадад сургадаг учраас үүнийг нуусаар иржээ.
Энэ бол Л.Гантөмөрийн ганцхан тушаал. Түүний маш олон тушаал бий. Энэ цагаас хойш үе үеийн Боловсролын сайд нар бүгдээрээ ийм тушаал гаргаж гадаадад төсвийн мөнгөөр суралцагсдыг зээлээс чөлөөлсөөр иржээ.
Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон 2022.07.07