Сэтгүүлч С.Шаравдорж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн их хурлын шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өчигдөр буюу 2022 оны долдугаар сарын 6-нд МСНЭ-ийн XVIII их хурал болж өнгөрлөө. Энэ их хурал нь хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй талаар миний бие өмнө нь мэдээлэл хийж байсан.
МСНЭ-ийн XVIII их хуралд дүрмээ зөрчсөн, хууль бус хурал болсон гэдгийг дараах баримтуудаар нотолж байна.
Өмнөх их хурал 2018 оны хоёрдугаар сарын 8-нд болсон. Энэ хурлыг дүрмээ зөрчсөн хууль бус болсон гэж үзээд миний бие шүүхэд хандсан. Ингээд гурван жил үргэлжилсний эцэст давж заалдах шатны шүүхийн магадлал гарч МСНЭ-ийн XVII их хурлын салбар хуралдаан болох орон нутгийн мэргэжлийн төвийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцох шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт жил шахам үргэлжилж байна.
МСНЭ шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээс зайлсхийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өгсөн удаа дараагийн мэдэгдлүүдэд хариу өгөхгүй зугтаасаар байгаад өнөөдрийг хүрсэн.
Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуулийн дагуу авч болох хамгийн сүүлийн арга хэмжээ буюу МСНЭ-ийн 2022 оны долдугаар сарын 6-ны өдрийн /өчигдрийн/ их хурлын шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд бүртгэхгүй байхыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан” гэв.