Баяр наадмын өдрүүдийн замын хөдөлгөөний зохион байгуулалт, төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй долоон худаг дахь авто зогсоолын асуудлаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын Дэд дарга Б.Батболд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автомашины зогсоолын асуудал ярвигтай байна. Гурван жилийн өмнө зогсоолын тоо 3500 байсан бол өнөөдрийн байдлаар 1500 орчим болсон. Олгогдсон зөвшөөрлийн дагуу автомашинуудыг байршуулна. Гандигийн гудамж, Нийслэлийн өргөн чөлөөний хоёр уулзварын тодорхой хэсгийг хааж иргэдийг явганаар хөдөлгөөнд оролцох нөхцөлийг бүрдүүлнэ.
“Г” зөвшөөрөл нь Дүнжингарав худалдааны төвд, урд чиглэлд Мишээл Экспо төвийн зогсоолд болон Вокзалын баруун талд байдаг 1000 автомашины зогсоолд байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж, наадамчин олныг татан авах боломжтой байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Энэ мэтчилэн иргэд машинаа зогсоолд байршуулаад нийтийн тээврээр Төв цэнгэлдэх хүрээлэн рүү зорчих боломжтой юм.
Хүй долоон худагт долоон төрлийн зөвшөөрөл олгоно. Соёолонгийн уралдаантай өдөр буюу 12-ны өглөө Улаанбаатараас Хүй 7 худаг явах хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул Архангай салдаг уулзвараас Хүй 7 худаг хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд урсгалаар татах байдлаар зохион байгуулалтыг хийнэ. Соёолон насны уралдаан дууссаны дараа УБ хот руу нэг чигийн хөдөлгөөнөөр зохицуулна. Учир нь автомашины хөдөлгөөний эрчим маш их нэмэгддэг учир ийм зохицуулалт хийдэг.
Мөн 300 орчим такси үйлчлэх ба тэдэнд тодорхой зөвшөөрөл олгохгүй ч албан ёсны лого тэмдэгтэй, зориулалтын үйлчилгээнийх байх юм. Өөрийн тээврийн хэрэгслээс илүүтэй нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг зөвлөж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн орчим 19 хотхон байдаг ба оршин суугчид нь өөрсдийн иргэний үнэмлэх, орон сууцны гэрчилгээ, оршин суух хаягаа гэрчлэх баримт бичгээ үзүүлж нэвтрэх боломжтой” гэв.