Энэ оны 5 дугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд жилийн 15.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 16.2 хувь байж 1-р улирлын орчимд хадгалагдлаа. Махнаас бусад дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэ I улиралд жилийн 18.5 хувиар өссөн бол 5 дугаар сард жилийн өсөлт нь 27.1 хувьд хүрч инфляцад үзүүлэх нөлөө 3.2 нэгж хувь болж нэмэгдлээ. Нэг талаас шатахуун болон импортын орцын үнэ өсөж буй нь үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж дотоодын хүнсний үнэ өсөхөд нөлөөлсөн байж болохоор байна.
Мөн хилийн хязгаарлалтаас үүдэлтэйгээр импортыг орлох дотоодын хүнсний үнэ хурдтай өсөж байна. Тодруулбал, дотоодын хүнсний ногооны үнэ сүүлийн 2 сар улирлын хандлагаасаа давж сарын 10-аас дээш хувь өссөн бөгөөд жилийн өсөлт нь 82.4 хувьд хүрээд байна. Дотоодын махны үнэ улирлын хандлагаараа өссөн хэдий ч жилийн инфляцад үзүүлэх нөлөө нь 0.6 нэгж хувь болж I улирлаас буурчээ. Тодруулбал, өмнөх оны 4 дүгээр сард хөл хориог дахин чангатгасан, малын зүй бус хорогдол эрс нэмэгдсэнээр махны нийлүүлэлт муудаж үнэ огцом өссөн суурь үе нөлөөлөв. Ийнхүү махны жилийн инфляцад үзүүлэх нөлөө I улиралтай харьцуулахад 1.2 нэгж хувиар багассан байна