БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн хавдрын болон хромосомын гажгийн эрт илрүүлгийн төв баригдаж байна. Уг төвийг энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Зоорийн давхар бүхий хоёр давхар энэ барилгын
- зоорийн давхарт хромосомын гажгийн оношилгооны лаборатори
- нэгдүгээр давхарт хүүхдийн хавдрын илрүүлгийн үзлэгийн өрөөнүүд
- хоёрдугаар давхарт хромосомын гажгийн илрүүлгийн ажилбарын өрөөнүүд байх юм.
Монгол Улсад жилд 70-90 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол шинээр оношлогдож хүүхдийн амьдрах хувь 20-30 хувь байдаг ба ихэнх нь хожуу хугацаанд оношлогдож байгаа нь хорт хавдартай хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулахад бодлого эрхзүйн орчин, хүний нөөцийг мэргэшүүлэх, хүүхдийн хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулах, тэдний нийгмийн халамжийн асуудлыг анхаарах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай юм.
Хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэд Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төв байгуулах зайлшгүй хэрэгцээ байна.
Мөн жирэмслэхээс өмнө болон жирэмсний явцад эх, урагт нөлөөлөх эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, жирэмсний явцад эмгэг байдлыг илрүүлж, оношлох нь тулгамдсан асуудлын нэг юм. Төрөлхийн хөгжлийн гажиг дотор хромосомын эмгэг 40% байдаг ба хромосомын эмгэгийн шалтгаантай оюуны хомстлын ихэнх хувийг дауны хам шинж, мөн бэлгийн хромосомын эмгэг эзэлдэг.
Манай улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн шалтгаанд төрөлхийн хөгжлийн гажгийн эзлэх хувь жилээс жилд өсөх хандлагатай байгаа бөгөөд оношлогдож буй төрөлхийн хөгжлийн гажгийн дийлэнх нь жирэмсний хожуу хугацаанд оношлогдож байна.
Жирэмсний үеийн эрт илрүүлэг, оношилгоог хэрэгжүүлснээр ургийн төрөлхийн хөгжлийн гажгийг эрт оношлох улмаар перинатал өвчлөл эндэгдлийг бууруулах ач холбогдолтой.
Энэ төвөөр жилдээ 4,000 гаруй жирэмсэн эмэгтэй үйлчлүүлж хромосомын илрүүлэг хийгдэх ба хүүхдийн хорт хавдрын илрүүлгийн зорилгоор жилд 8,000 гаруй хүүхдэд үйлчлүүлэх боломжтой. Эдгээр иргэдийн дөрөвний нэг нь хөдөө орон нутгаас ирэх тооцоолол гарчээ.
Эх сурвалж: ЭМЯ