“Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” компанийн мах боловсруулах үйлдвэртэй холбоотой хэргийг прокурорын байгууллагаас шалгаж, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3-ын 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдох байгууллагад шилжүүлсэн. Одоогоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байна.
Үүнтэй холбоотойгоор Улсын Ерөнхий прокурорын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс МХЕГ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмыг мөрдөн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулахад арга хэмжээ авах тухай үүрэг өгч ажилласан” хэмээн УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг мэдээллээ.
Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл:
1.Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас:
2.1.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;
2.2.их хэмжээний хохирол учирсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ хэмээн тус тус заажээ.