“Рио Tинто Монгол” компани нийгмийн хариуцлага, соёлын өвийг хамгаалах бодлогынхоо хүрээнд 2021 оны арванхоёрдугаар сараас Соёлын өвийн үндэсний төв, Монголын Урлагийн Зөвлөлтэй санамж бичиг байгуулан хамтран ажилласан. Энэ хүрээнд өнөөдөр “Өв-Эрдэнэ” хэмээх соёлын өвийн театрыг Соёлын өвийн үндэсний төвд ашиглалтад оруулж байна.
Ингэснээр Монголчуудын оюуны соёлын үнэт зүйлс, соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах их үйлсэд чухал ач холбогдолтой алхам болж буй юм. Уг театрт нийт ардын авьяастнууд, ардын язгуур урлаг, уламжлалт гар урлалыг өвлөн уламжлагч хүмүүс уран бүтээлээ толилуулах, баримтжуулах, сургалт, судалгаа хийх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах боломжтой.
“Рио Tинто Монгол” компанийн 440 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Өв-Эрдэнэ” театрын
- интерьер дизайныг “Спринт Архитект” зураг төслийн компани боловсруулж,
- “Рэдлайн ХХК” дотоод заслын ажил гүйцэтгэж,
- тайзны гэрэлтүүлгийг D-Light компани,
- дуу хөгжмийн тоног төхөөрөмжийг “ITC Solution ХХК” суурилуулж өнөөдөр буюу долоодугаар сарын 5-нд ашиглалтад хүлээлгэн өглөө.
Монголын олон угсаатны соёл урлагийг язгуур шинжээр нь өвлөн уламжилсан “Хүн-Эрдэнэ” ардын авьяастнуудын төв тайз болох “Өв-Эрдэнэ” театр нь Монгол гэр мэт дугуй интерьер дизайнтай, орчин үеийн гэрэлтүүлэг, дуу хөгжмийн тоног төхөөрөмжтэй 100 үзэгчийн багтаамжтай өргөө юм.
Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа юм. Иймд түүх, соёл, өв уламжлалаа бахархан дээдэлдэг эх оронч монгол хүнийг төлөвшүүлэх, нүүдлийн соёл иргэншлийг язгуур байдлаар нь хадгалж, хамгаалахад соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын үүрэг үнэлж баршгүй их билээ.
Төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн хүрээнд бүтээн байгуулсан энэхүү театрт ардын язгуур урлагийн тоглолтоос гадна соёлын биет бус өв, өвлөн уламжлагч хүний урын сан, мэдлэгийг дуу, дүрс бичлэгээр баримтжуулах, хүүхэд залууст чиглэсэн соёлын өвийн боловсрол олгох сургалт, соёлын өвийн цуврал кино үзвэр, танин мэдэхүйн лекц, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, олон нийтийн уралдаан наадам зэрэг өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг аймаг, орон нутгийн соёл урлагийн газар, нутгийн зөвлөл, боловсролын байгууллага, өвлөн уламжлагч хүмүүс, төрийн бус байгууллага зэрэг олон талын оролцогчтойгоор тогтмол зохион байгуулах болно.
Соёлын өвийг хадгалж хамгаалахад төр, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагаа хамгаас чухал бөгөөд Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв, Рио Тинто компани, Монголын урлагийн зөвлөлийн хамтарсан энэхүү төсөл нь Монголдоо соёлын биет бус өвийн салбарт хийгдэж буй бодит дэмжлэг, томоохон хөрөнгө оруулалт бөгөөд “Өв-Эрдэнэ” театр нь монгол туургатны хуран цугларах соёлын өргөө болж, монгол язгуур өв соёлын дархлааг улам бататгах цаг үеэ олсон бүтээн байгуулалт болж байна хэмээн онцолж буй.
Эх сурвалж: Монголын Урлагийн Зөвлөл