Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 216.4 сая төгрөгийн 8 алдаа, зөрчил илэрснээс, 62.3 сая төгрөгийн 4 зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлж, 154.1 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 4 зөвлөмж өгсөн. Өмнөх оны аудитын илрүүлэлттэй харьцуулахад нийт алдаа, зөрчил 103.0 сая төгрөгөөр өссөн нь орон тоо нэмэгдэж, урсгал зардлаас хөрөнгө бэлтгэсэнтэй холбоотой зөрчил илэрснээс шалтгаалсан байна.
Монгол Улсын Их Хурлын даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 474.7 сая төгрөгийн 9 алдаа зөрчил илэрснээс, 7.0 сая төгрөгийн 1 алдааг залруулж, 242.9 сая төгрөгийн зөрчлийг арилгах 2 албан шаардлага хүргүүлж, 224.8 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 6 зөвлөмж өгсөн.
Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 15 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 11 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 4 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан.
Аудитад хамрагдсан байгууллагаас 9 байгууллагад “Зөрчилгүй”, 2 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө.
Аудитаар нийт 230,004.5 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 227,209.2 сая төгрөгийн алдааг залруулж, 56.3 сая төгрөгийн зөрчилд 3 төлбөрийн акт тогтоож, 2,474.7 сая төгрөгийн зөрчилд алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 21 албан шаардлага хүргүүлж, 264.3 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 2 зөвлөмж өгсөн.
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 102 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 87 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 15 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан.
Аудитад хамрагдсан байгууллагаас 78 байгууллагад “Зөрчилгүй”, 9 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн.
Аудитаар нийт 669,433.6 сая төгрөгийн 385 алдаа зөрчил илрүүлснээс 655,698.7 сая төгрөгийн 106 алдааг залруулж, 1,335.3 сая төгрөгийн зөрчилд 26 төлбөрийн акт тогтоож, 5,354.7 сая төгрөгийн зөрчилд алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 89 албан шаардлага хүргүүлж, 7,044.9 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 164 зөвлөмж өгсөн.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 30 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 20 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 10 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан.
Аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн бөгөөд аудитад хамрагдсан байгууллагаас 18 байгууллагад “Зөрчилгүй”, 2 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн.
Аудитаар нийт 22,805.8 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 19,864.7 сая төгрөгийн алдааг залруулж, 42.5 сая төгрөгийн зөрчилд 7 төлбөрийн акт тогтоож, 2,379.1 сая төгрөгийн зөрчилд алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 29 албан шаардлага хүргүүлж, 519.5 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 47 зөвлөмж өгсөн.
Сонгуулийн ерөнхий хорооны даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 1,761.3 сая төгрөгийн 8 алдаа зөрчил илэрснээс, 1,373.3 сая төгрөгийн 1 алдааг залруулж, 275.2 сая төгрөгийн зөрчлийг арилгах 3 албан шаардлага хүргүүлж, 112.8 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 4 зөвлөмж өгсөн.
Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 42.5 сая төгрөгийн 4 алдаа зөрчил илэрснээс, 26.1 сая төгрөгийн 2 алдааг залруулж, 13.4 сая төгрөгийн зөрчлийг арилгах 1 албан шаардлага хүргүүлж, 3.0 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 1 зөвлөмж өгсөн.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 107.5 сая төгрөгийн 8 алдаа зөрчил илэрснээс, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой 1 албан шаардлага хүргүүлж, 107.5 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 7 зөвлөмж өгсөн гэлээ.
Тус байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах, Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, авлага, өр төлбөр, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад тавих дотоод хяналтыг сайжруулахад анхаарч ажиллах зөвлөмж өгчээ. Мөн Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх, аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, арга хэмжээг авч ажиллахыг анхааруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд асуулт асуусан. Тэрбээр улсын төсвийг алдагдалтай баталдагаас их хэмжээний өр бий болдог гээд төсвийг алдагдалгүй батлах, төсвийн бүтцэд өөрчлөлт хийх талаар гаргасан санал, аргачлал байна уу хэмээн лавласан.
Төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэд, олон нийтийн оролцоог хангах, төсвийн төслийн ил тод байдлыг дээшлүүлэх талаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байна гэсэн асуудлыг УИХ-д хүргүүлсэн. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүддээ нийцүүлэн баталж, төлөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг тусгаж зөрчлийг давтан гаргахгүй байх талаарх зөвлөмжийг хүргүүлсэн. Түүнчлэн Ерөнхий сайдад халамжийн бодлогыг хумьж, төсвийг алдагдалгүй төлөвлөх талаар үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэсэн зөвлөмжийг төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн хэмээн Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг хариулсан.
Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.