Швед улсын төрийн албанд монгол хүн ажиллаж байна. Тодруулбал, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ Шведийн Стокхольм хотын Соллентуна дүүргийн Олон улсын хэл, соёлын төвд нийгмийн ажилтан болон багшаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын IV чуулганд ирээд оролцож буй түүнээс Швэд дэх албан ажлынх нь талаар тодруулав.
Тэрээр хэлэхдээ, “Швед нь улс орнуудын үндэсний хэл, соёлын бодлогод хүндэтгэлттэй ханддаг орон. Тодруулж хэлбэл, Шведэд шилжин суурьшиж буй гадаадын иргэдийн хүүхдүүдэд үндэсний хэл соёлоо сурах бололцоог нь хангаж өгдөг онцлогтой, Европын орнуудын ганц улс нь юм. Тухайн дүүрэгт гадаадын 5-аас доошгүй хүүхэд байх тохиолдолд тэр улс орны иргэдийн хүүхдүүд эх хэлээ үзэж сурах бололцоогоор ханган, жишээ нь, тэнд монгол багш байлаа гэхэд Шведийн төрөөс цалинжуулж, Шведийн төрийн үйлчилгээний алба хаагч байдлаар ажиллуулдаг юм.
Миний хувьд Стокхольм хотын Соллентуна дүүргийн Олон улсын хэл, соёлын төвд нийгмийн ажилтан болон багшаар ажиллаж байна. Монгол хэлээ ч заадаг, мөн тухайн гэр бүл, иргэдийг нийгэмжүүлэхэд тусалдаг. Би улстөр судлаач, нийгмийн ухааны багш. Гэхдээ хүний нөөцийн боломжоос хамаараад, цагаа тулахаар монгол хэлний багш болж, энд байгаа монгол хүүхдүүдэд түүх, соёл, эх хэлээ зааж байгаа. Багшийн мэргэжлээр төгссөн учир бусад багш нараасаа мэдлэг туршлага аваад ажиллаж байна” гэв.
MONTSAME