АНУ-ын Орегон мужийн Южин хотноо энэ сарын 15-нд энэ зуны спортын ертөнцийн хамгийн том бөгөөд гол үйл явдлын нэг болох хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ эхэлнэ.
Нэр хүнд, цар хүрээгээрээ “Спортын хатан хаан” хэмээгддэг хөнгөн атлетикийн ДАШТ чансаагаараа дээгүүр эрэмбэтэй билээ. Хөнгөн атлетикийн 18 дахь удаагийн энэ жилийн ДАШТ-д гэхэд л 200 гаруй орны 2000 тамирчин оролцохоор болсон талаар АНУ-аас спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/ мэдээллээ.
Хөнгөн атлетикийн ДАШТ 1983 онд анх зохиогдож, дөрвөн жилд нэг удаа болдог байснаа 1991 оноос хойш хоёр жил тутам зохион явуулдаг болсон түүхтэй билээ. “Орегон-2022” ДАШТ 2021 онд болох хуваарьтай байсан боловч цар тахлын улмаас хойшлогдсон “Токио-2020” олимпын наадамтай давхацсан тул 1 жил өнжсөн байна.
Энэ жилийн ДАШТ-ий бас нэг онцлог нь АНУ-д анх удаагаа хөнгөн атлетикийн ДАШТ айлчлан ирж байгаа аж. Хөнгөний ДАШТ-ээс авсан медалийн тоогоор тэргүүлдэг, амжилтаараа ч аархдаг Америк хөнгөн атлетикийн ДАШТ өмнө нь энэ улсад болж байгаагүй гэхээр ямар өргөн хүрээг хамарсан тэмцээн байдгийг илтгэж байна.
Ташрамд дуулгахад хөнгөн атлетикийн ДАШТ-ээс нийт авсан медалийн тоогоор АНУ /170 алт, 117 мөнгө, 94 хүрэл, нийт 381 медаль/, Кени /60,50,41=151/, ОХУ /42,52,48=142/, Герман /38, 36,47=121/, Ямайка /35, 49, 43=127/ улсууд “Айргийн тавд” бичигддэг.
Хөнгөн атлетикийн ДАШТ-д хүссэн болгон бас орохгүй. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны гаргасан “entry standards” биелүүлсэн, дэлхийн аварга цолыг эзэмшиж буй, өнгөрсөн жилийн “Алмаазан лиг”-ийн аваргууд, чансааг тэргүүлж буй гэх мэт тодорхой нөхцөл, болзлыг хангасан тамирчид л оролцдог юм.
“Орегон-2022” дэлхийн АШТ-д манай Монголын дөрвөн тамирчин оролцоно. Тодруулбал эрэгтэйчүүдийн марафонд Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн аварга Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Д.Гантулга /эрэгтэй марафонд Монголын 4 тамирчин ДАШТ-ий entry standard биелүүлсэн ч нэг зай төрөлд нэг улсаас дээд тал нь 3 тамирчин ДАШТ-д оролцох эрхтэй тул манайхаас гурван тамирчин оролцох юм/, эмэгтэйчүүдийн марафонд Б.Мөнхзаяа нар дасгалжуулагч О.Оюунтуяа, Б.Доржпалам, Т. Шийтэрчулуун нарын удирдлага дор оролцох юм байна.
“Орегон -2022” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн марафон 7 дугаар сарын 17-ний өглөөний 06.00 цагт /АНУ-ын баруун эргийн цагаар/ , эмэгтэйчүүдийн марафон долоодугаар сарын 18-ны өглөөний 06/00 цагаас тус тус гараанаас гарах бөгөөд АНУ-ын NBC Sports теле суваг шууд дамжуулан үзүүлэх юм.