Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгээс Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубтэй хамтран хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх, санхүүгийн зах зээлийн талаарх ойлголтыг олон нийтэд түгээх, дэлхийн тэргүүлэх туршлагыг нутагшуулах, шинэ бүтээгдэхүүний арилжааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж, гарцыг олон нийт, шийдвэр гаргагчдад таниулах, шинэ санаа дэвшүүлэх зорилгоор зохион байгуулсан “Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдэг бүтээлүүдийг өнөөдөр тодрууллаа. Дээрх 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо орж ажиллажээ. “Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан нийт 30 гаруй бүтээл хүлээн авч, телевиз, радио, видео контент болон сонин, сэтгүүл, вэб сайтын хоёр төрөлд тус бүр гурван байр шалгаруулсан юм.
.
Сонин, сэтгүүл, вэбсайтын төрөлд “Баялгийг шударга хуваарилах хувьчлал” бүтээлээрээ тэргүүн байрт Mongolian economy сэтгүүлийн сэтгүүлч Б.Шүрэнчимэг, дэд байрт “Гэр бүлийн засаглалаас хөрөнгийн зах зээлийн засаглал руу” бүтээлээрээ Mining insight сэтгүүлийн сэтгүүлч Б.Баяртогтох, “Хөрөнгийн зах зээлийн гүүр: ХОС” бүтээлээрээ гуравдугаар байрт Lemonpress.mn сайтын сэтгүүлч Э.Золбаяр нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардан авлаа.
Шагналыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Т.Цэрэнбадрал, Монголын хөрөнгийн биржийн дэд захирал Т.Хаш-Эрдэнэ, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга А.Батболд нар гардуулж өгсөн юм.
“Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шагнал гардуулах ёслолын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы тушаалаар “Санхүү, банкны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр “Ийгл” телевизийн тоймч М.Мөнхжаргал, “Өнөөдөр” сонины тоймч Т.Энхбат, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубийн ерөнхий зохицуулагч Б.Баяртогтох нарыг тус тус шагнав.