Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хангах, гадаад суурь хүү өсөж буй орчинд төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор бодлогын хүүг өсгөх шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэхүү шийдвэртэй холбоотойгоор “Мандал” санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал Г.Ганзориг дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “Мөнгөний бодлогын хүү нь бүх улсад байдаг эдийн засгийн суурь хүү байдаг. Өөрөөр хэлбэл суурь хүү нэмэгдэхэд зээл, хадгаламж, бондын гээд бүх төрлийн хүү өндөр болно. Энэ нь ямар үр дүнг үзүүлэх вэ гэхээр эдийн засгийн өсөлтийг сааруулж, инфляцын эсрэг арга хэмжээ авагддаг.
Нэг ёсондоо сайн ч юм шиг, муу ч юм шиг олон талтай санхүүгийн үзэгдэл. Тухайлбал, арилжааны банкууд зээл олголтоо багасгаж, Төв банкны үнэт цаас авахаар зах зээл дээрх мөнгөний урсгал хумигдана. Ингэхээр эдийн засаг өсөлт саарч эхэлдэг. Банкуудад хоёр сонголт гарч байгаа юм.
Зээлд оруулж эрсдэл хүлээж байхаар үнэт цаас аваад байршуулвал амар. Нөгөөтэйгүүр, төв банкинд байршуулчихаар иргэд, аж ахуй нэгжүүдэд олгох зээл буурах нөлөөтэй. Зээл гэдэг нь өөрөө эдийн засгийг хөдөлгөгч хүч гэдгийг олон эдийн засагчид хэлдэг” гэжээ.