Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/778 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт, завьт эргүүл 2022 оны 06 дугаар сар 15-ны өдрөөс үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Энэ хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн, Аврах ангийн аврагчид буцалтгүй нэрвэгдэгч 7 иргэний цогцосыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, голын усанд живж амь насаа алдах өндөр эрсдэлтэй байсан 34 иргэний амь насыг авран хамгаалж ажилласан байна.
Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр голын усанд живж амь насаа алдсан иргэд нь ихэнхи тохиолдолд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, мэдэхгүй гарц гармаар гарах гэж оролдсон, усанд сэлдэг гэж эрдсэн, өөртөө болон бусдад тавих хяналтаа алдсан нөхцөл байдал зонхилж байна гэж мэдээллээ.
Баяр амралтын өдрүүд олон хоногоор үргэлжлэх тул голын усанд амь насаа алдах эрсдлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангаж, бие биедээ тавих хараа хяналтаа сайжруулж, зүй зохистой амарч зугаалахыг нийслэлийн Онцгой байдлын газраас нийт иргэддээ онцгойлон анхааруулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.