Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040 бодлогын баримт бичигт нийцүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмаар “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ төсөл нь “Баруун терминал”-ын цогцолбор, 5.5 км урттай Туул гол дамнасан гүүр бүхий эко өргөн чөлөө-авто зам, Ард түмний цэцэрлэгт хүрээлэн зэрэг гурван үндсэн төслөөс бүрдэнэ.
Улаанбаатар хотыг баруун зүгт тэлж хөгжүүлэх энэхүү төсөл нийтдээ 10 мянга гаруй га талбайг эзлэх бөгөөд нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийг дамнан хэрэгжих юм. Нийслэл хотын барилгажсан талбар 1990 га орчим талбайг эзэлдэг учраас нягтрал, түгжрэл их байдаг. Тиймээс ч “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийг хэрэгжүүлэх нь ач холбогдол өндөртэйг холбогдох мэргэжилтнүүд тодотгож байна. Төсөл хэрэгжүүлэх талбарт хөнгөн хийцтэй барилга байгууламж, үйлдвэрүүд оршдог юм.
Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныхан өчигдөр дээрх төслийн хүрээнд байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн газарт ажилласнаас гадна Драгоны уулзвараас Нүхтийн уулзвар хүртэл барих босоо тэнхлэгийн замын трасстай танилцлаа. Мөн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Нийслэлийн дүүрэг бүрд бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж, ард иргэдийн ая тухыг хангасан цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарих хөдөлгөөнийг НҮБ-ын чуулган дээр зарласан. Үндэсний хэмжээний энэхүү бодлогын шийдлийн хүрээнд ногоон байгууламжийг цогц байдлаар шийднэ. Зөвхөн энэ талбарт гэхэд эхний ээлжид 30 га, дараа нь 70 га, нийтдээ 100 орчим га талбайд ногоон байгууламж бүхий Ард түмний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах юм. Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэд чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх боломжийг олгоно. “Эртэч Монгол” хөдөлгөөний хэрэгжилтэд ч нөлөөлөх цэцэрлэгт хүрээлэнг бий болгохоор санаачилга гараад байгааг дурдах нь зүйтэй болов уу. Ногоон байгууламжийн мэргэжилтэн, дендрелогич нар хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцох санал гаргаж байгаад талархаж байгаагийн сацуу цаашид ч хувийн хэвшлийнхний санаачилга нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг хот бодлогын хэмжээнд бүрэн дүүрэн дэмжиж байгааг хэлье. Улаанбаатар хотын ирээдүй гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэлтэй байна. “Улаанбаатар хотыг 2050 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г удахгүй Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлнэ. Хотын дараагийн 30 жилийн төлөвлөгөөний алдаа, оноог хэлэлцүүлж батлуулах их ажил биднийг хүлээж байна.
Нийслэлийн баруун бүс болох Яармаг, Нисэх, Сонсголон, Гурвалжингийн гүүрнээс баруун тийш Өнөр бүс, Өнөр хорооллын арын дэнж, 22-ын товчооноос эргээд Сонгинохайрхан уулын бэлийг багтаасан 10 мянга гаруй га талбарт нийт 800 мянгаас нэг сая хүн амьдран суух хотын төлөвлөлтийг хийсэн. Энэхүү хотод хонгилын системийг байгуулахаас аргагүй. Урин дулааны улирал ирэхээр шугам сүлжээ засварлах гэж халуун ус тасаллаа, барьж байгуулсан замаа сэтэллээ хэмээн шүүмжилдэг. Тиймээс ирэх 30 жилийн төлөвлөлтийг шинжлэх ухаанч байдлаар төлөвлөж байгаа. Өнөөдрийн хувьд бид тэрхүү шинэ хотын тохижилтын хамгийн түрүүнд хийгдэх босоо чиглэлийн авто замын трассыг үзэж байна. Түгжрэл бууруулж, төвлөрөл сааруулахад онцгой нөлөөтэй энэхүү зам бол хөгжлийн зам байх юм. Яармаг орчмын түгжрэлийг бууруулахын дээр автобусны том терминал байгуулахад дөхөм болох зам. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хувийн хэвшлийг дэмжиж, өргөн хүрээгээр оролцуулах бодлогыг бид барьж байна. Энэ бодлогод ч нийцсэн нэгэн сайхан бүтээн байгуулалтыг хийнэ гэдэгт итгэлтэй байгаа гэлээ.
Шинээр барьж байгуулах 5.5 км авто замын трасст аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газрыг аль болох хөндөхгүй байх талбарыг сонгосны дээр хувийн хэвшлийн санаачилгаар баригдах аж. “Драгон холдинг” ХХК-ийн ерөнхий захирал С.Баярт:
-Улаанбаатар хотод орхигдсон сул газрууд багагүй бий. Тэрхүү сул газруудыг дахин төлөвлөж, бүтээн байгуулалт хийх нь хамгийн оновчтой гэж үздэг. Ялангуяа ТЭЦ-3, ТЭЦ-4 орчмын энэхүү газар нь эрчим хүчний эх үүсвэртэйгээ ойрхон хамгийн үнэ цэнтэй газруудын нэг. Тэгсэн хэр нь дэд бүтцийн дутагдалтай хоцрогдож үлдсэн. Тиймээс хотын төвийн төвлөрлийг задалж, Яармаг, Нисэх чиглэлийн авто замын ачааллыг бууруулах үүднээс босоо тэнхлэгийн зам барих санаачилгыг манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн гарц нь энэхүү босоо тэнхлэгийн авто зам гэж харж байгаа. Яармагийн Нүхтийн уулзвараас Геологийн төв лаборатори хүртэлх 5.5 км авто замын трассыг зураад байна. Энэ орчныг Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэдийн амарч зугаалдаг, ая тухыг хангасан цэцэрлэгт хүрээлэн болгоё гэсэн санаачилгыг мөн дэвшүүлж буй юм. Бидний хүсэлтийг хүлээн авч, хотын удирдлагууд уулзалт хийж байгаад талархаж байна гэлээ.
Гурван дүүрэг дамнан 600 га гаруй талбайг эзлэн байгуулах “Ард түмний цэцэрлэгт хүрээлэн” нь 10 хэсэгтэй байх бөгөөд эхний ээлжид 35.38 га талбайг тохижуулахаар төсөлд тусгажээ. Хэсэг тус бүр ландшафт архитектурын шинэлэг шийдэлтэй байх гэнэ. “Баруун терминал”-ын цогцолборын хувьд Драгон төвийн нэг өдөрт үйлчилж буй 10-50 мянган хэрэглэгчийн тоо 50 мянгад хүрч нэмэгдэх боломжтой аж.