Засгийн газраас өргөн мэдүүлсэн Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд нь Монгол Улсын Үндсэн хуульд тодорхойлсон “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх тухай” эрхэм зорилго болон иргэдийн “эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, төрийн үйл хэрэгт оролцох” үндсэн эрхийг баталгаажуулж чадахгүй байна хэмээн иргэний нийгмийн байгууллагууд үзэж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон бусад УИХ-ын гишүүдийг нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж эдгээр хуулийн төслийг буцаахыг хүсжээ.
Энэхүү цахим гарын үсгийг “Цогц хөгжлийн үндэсний төв” төрийн бус байгууллагын UIH.mn сайтын Нийтийн өргөдөл хэсэгт байршуулсан байна.
Учир нь эдгээр хуулийн төслийг боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үе шатуудыг хангаагүй бөгөөд ялангуяа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж, санал аваагүй болохыг цохон тэмдэглэж, дараах гурван зүйлийг онцолжээ.
НЭГ. Төрөөс иргэний нийгмийг хөгжүүлэхэд баримтлах бодлогын баримт бичгийг олон талт төлөөлөл бүхий ажлын хэсэг гарган, нийгэмд өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэн, батлах нь зүйтэй байна.
ХОЁР. Одоогийн эрх зүйн тогтолцоонд ашгийн бус салбарыг явцуу хүрээнд тодорхойлж, хуулийн этгээдийн олон янзын зохион байгуулалтыг тусгаагүйн улмаас гарч буй гажуудлыг засах буюу Иргэний хуулийн тодорхойлолтыг өргөжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд ТББ болон бусад ашгийн бус зорилготой бусад хуулийн этгээдүүдийн төрлийг нэмж тусгана уу.
ГУРАВ. Өнөөгийн үйлчилж буй Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулж, ТББ байгууллага гэсэн ойлголтыг хадгалан үлдээснээр Монгол Улс иргэний нийгмийг хөгжүүлэх зорилгодоо алхам урагшилж чадах юм. Ингэхдээ тус хуулийн үзэл баримтлал болон төслийг боловсруулах бүхий л үе шатын мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэж, өргөн хүрээний оролцоо, хэлэлцүүлгийг зохион байгуулах өнөөгийн тогтолцоонд тулгамдаж буй бүртгэл, ил тод байдал, хяналт хариуцлага, төрөөс хараат бус байх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх боломжтой гэжээ.
Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв(ICNL)-өөс өмнөх гурван хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй тайлбар бэлтгэж байсан бөгөөд тухайн үед дурдагдсан олон асуудал одоо ч хамааралтай хэвээр байна гэж дүгнэжээ.
Зөвшөөрөгдөх үйл ажиллагааг хэт их хязгаарлах нь хууль ёсны нөлөөллийн үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй. Олон улсын хуулийн дагуу холбоод
- бодлогын шинэчлэлийн төлөө ухуулга, сурталчилгаа хийх;
- олон нийтийн анхаарлыг татсан асуудлыг хэлэлцэж, олон нийтийн хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах;
- санал хураалтын явцад санал асуулга болон судалгаа хийх зэрэг үйл ажиллагаа явуулах эрх чөлөөтэй байдаг.
Энэхүү хураангуй дүн шинжилгээ нь эвлэлдэн нэгдэх эрх чөлөөтэй холбоотой зохицуулалтын сайн жишиг, олон улсын стандартад үндэслэн анхаарал татсан гол асуудлуудыг доорх байдлаар онцолсон байна.
- Зөвшөөрөгдөх үйл ажиллагааг хэт их хязгаарлах нь хууль ёсны нөлөөллийн үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй.
- Холбоо, сангуудыг хэт өргөн хүрээт үндэслэлээр албадан татан буулгах зохицуулалт оруулсан бөгөөд үүнээс сэргийлэх дүрэм журам байхгүй байна.
- Холбоо, санг үүсгэн байгуулах эрхийг хязгаарласан хүндрэлтэй заалтууд орсон.
- Холбооны тухай хуулийн төсөлд холбоодын дотоод засаглалыг хэт нарийн, хатуу зохицуулсан.
- “Нийтэд тустай үйл ажиллагаа” гэсэн заалтууд нь нийтэд тустай байгууллагуудыг хүлээн зөвшөөрөх шалгуур, журмыг тусгаагүй бөгөөд дэлгэрэнгүй тайлагнах шаардлагыг тавьсан.
- Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл нь эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд саад учруулж болзошгүй хүнд суртал, хяналтын нэмэлт давхаргыг нэвтрүүлж, илүү их дарамт учруулна хэмээн үзжээ.