Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Токүшима дахь Монгол Улсын өргөмжит Консул Каваүчи Широ, Монгол Улсын Соёлын элч Мики Ясүхиро нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр наймдугаар сарын 22-нд Сүхбаатарын талбайд болох хоёр улсын хамтарсан урлагийн тоглолтын талаар санал солилцов.
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан наймдугаар сарын 20-24-нд Япон Улсын парламентын гишүүн Ямагүчи Шүничи тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилна. Тус айлчлалын бүрэлдэхүүнд Япон Улсын парламентын гишүүн Ямазаки Масаяасү, Токүшима мужийн дэд захирагч, мөн Анан хотын захирагчаар ахлуулсан албаны болон бизнес, соёл, урлаг, спортын 170 орчим төлөөлөгч Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх юм. Айлчлалын үеэр Сүхбаатарын талбайд хоёр улсын хамтарсан урлагийн тоглолт болно. Энэ хүрээнд Токүшима дахь Монгол Улсын өргөмжит Консул Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчид арга хэмжээ, айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Уулзалтын үеэр Хотын дарга урлагийн тоглолтыг зохион байгуулалтад хамтарч ажиллахаа илэрхийллээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР