Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өнөөдөр Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн Т.Доржханд Сонгуулийн тогтолцоотой холбоотой Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Сонгуулийн пропорционал буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог ашиглаж болох уу үгүй юу гэдгийг шийдэх түүхэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа хэлэлцэж, цэг тавилаа. Үүний дүнд нь Монгол Улсад парламентын ардчилал бэхжих суурь тавигдаж байна. Мөн жижиг 76 тойрог руу төсвөө чангаадаг, тойргоосоо уяатай гишүүдтэй парламент өнөөдрөөс эхлээд дуусгавар болж байна. Ингэснээр Монгол Улс нэг том тойрог болж байна. Хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгогдсон парламентын гишүүн Монгол Улсын хөгжлийн төлөө, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийн төлөө кнопоо дардаг, мэтгэлцдэг, бодлого ярьдаг болно. Хоёрдугаарт, пропорционал тогтолцоотой болсноор санал гээгдэхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт явдгаараа явна. Энэ бол ардчиллыг бэхжүүлэхэд маш чухал зүйл. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гурван зүйлийг салгаж ойлгож болохгүй. Нэгдүгээрт, хувь тэнцүүлсэн тогтолцоо буюу сонгуулийн холимог системийг оруулах. Үүнийг өнөөдөр Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа шийдлээ. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх. Судлаачдын хувьд парламентын гишүүний тоог 150-152 болгох хувилбарыг ярьж байгаа. Гуравдугаарт, парламентын гишүүний тоог нэмэгдүүлсэн тохиолдолд парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно гэдэг асуудал юм” гэв.