ЭЕШ-ыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-нийг хүртэлх хугацаанд улсын хэмжээний нийт 49 шалгалтын төвд зохион байгуулж байна. Энэ онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байгаа билээ. Улсын хэмжээнд өмнөх оны төгсөгч 7160, энэ оны төгсөгч 29093 нийт 36253 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд буй юм.
Шалгалт бүрийн дараа засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шууд гаргаж, шалгуулагчид дүнгээ мэдэх юм. Улмаар 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг зарлана.
Өнөө жил ЭЕШ-ыг хоёр удаа авч буйгаараа онцлогтой. Хоёр дахь удаагийн шалгалтыг арванхоёрдугаар сард авахаар төлөвлөж байгаа аж. Харин монгол хэлний дахин шалгалтыг арваннэгдүгээр сард авах юм. Ингэхдээ хоёр дахь удаагийн ЭЕШ-д өмнөх оны төгсөгчид болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид оролцох боломжтой. ЭЕШ-ыг жилд хоёр удаа авч байгаатай холбоотойгоор их, дээд сургуулиуд мөн хоёр удаа оюутан элсүүлэх журамд шилжих юм.
Шалгуулагч нь шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд, иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ гэсэн зүйлсийг зайлшгүй биедээ байлгах шаардлагатайг БҮТ-өөс анхаарууллаа. Мөн шалгуулагчид 80319498, 80329498 дугаарт хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой ажээ.