Дөрвөн дугуйт, дөрвөлжин биет унаа гэж юу вэ? Би энэ асуултыг өөртөө тавих болгондоо машин бол миний болон үр хүүхдийн минь амь нас, алс ирээдүйг тэр нэгэн орон зай болоод цаг хугацаанд тээж яваа тэнхлэг гэдгийг ухаардаг. Намайг бодож ч амжихаас өмнө, үйлдэл хийж, үг хэлэхээс урьтан хурдаа авч, хуйлран давхигч хүчирхэг хүлэг. Хэдийгээр би жолоодож буй нь үнэн боловч, хэдхэн хором анхаарал сулрахад машин маань намайг жолоодох боломжтойг ойлгодог.
Холын замыг туулж явахад юу эс тохиолдох билээ дээ, маргаашийн мандах нарыг хором тоолон хүлээх үе ч олон, хоног эвхэн тэвчээр алдах үе ч бас түүнээсээ олон. Гэвч алтан шар зам өөрийн гэсэн бичигдээгүй дүрэмтэй. Зам дээр нэгэнт гарсан л бол амьдралын хэмжүүр нь зам, амь хоёр, амьсгалын хэмжүүр нь зам хурд хоёр. Энэ дүрэмд багтаж амьдрахын тулд нойр хоолоо зохицуулах, цаг хугацаагаа зөв тооцох, халуун хүйтнээ тохируулах гээд олон сахилга бат шаарддаг. Өөрөө өөртөө тавьж, өөрөө л чанд мөрдөх ёстой сахилга бат.
Заримдаа нойрмоглохгүйн тулд бага зэрэг жиндэж явах үе ч бий. Амь ба хурд гэсэн хоёрхон хэмжүүр дээр бүх амьдрал тогтоно, бүх дэлхий эргэлдэнэ гээд бод доо. Замын цагдаагийн газраас “Аажуу явбал аяндаа хүрнэ” гэсэн аян өрнүүлж эхэлжээ. Он гарсаар 195 хүн зам тээврийн ослоор амьдралаас буцжээ. Олонх нь хурд хэтрүүлснээс болсон осол байжээ. Эргээд бодъё.
Хэрэв жолоо барьж яваа хүнээ сайтар амраасан бол, хэрэв хүрэх газар, туулах зам, очих цагаа зөв тооцож замд гарсан бол, хэрэв шөнөөр давхиагүй бол, хэрэв өмнөөс ирж яваа машин гэрлээ шилжүүлсэн бол, хэрэв архи уугаагүй бол…хэзээ ч тоочиж дуусахгүй энэ мэтийн олон олон шалтгаан…сүүлийн гурван жилд зам дээр амиа алдсан 2000 шахам хүний амь амьдрал, халуун бүл, хайртай хүмүүсийнх нь хагацал нулимс, харуусал өнчрөл…
Тэртэй тэргүй утас маажиж, уушийн газар суугаад нэг л мэдэхэд дуусгасан байдаг нэг, хоёр, гурван цагийг алдлаа гээд тэр нь амьдралаа алдана гэсэн үг биш. Хожлоо гээд хорвоог хожно ч гэсэн үг биш. Бид насан туршдаа наймаалцаж амьдардаг. Амиа хурдаар, хурдыг цагаар наймаалцахыг харин алтан шар зам зөвшөөрдөггүй юм.
Тиймээс аажуу явбал аминд ээлтэй, уужуу явбал унаанд ээлтэй гэдэг өөрийн гэсэн дүрмээр өр зүрхний хайртай бүхнээ хамгаалж яваарай. Өргөн хорвоо уудам хэдий ч өчүүхэн амь ганц юм даа.
Р.Эмүжин