Манай улсад 2020 оны байдлаар нийт халдварт өвчний 48.4 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлжээ.
Бэлгийн замаар дамжих халдварын
- 31.8 хувийг заг хүйтэн
- 40.6 хувийг тэмбүү
- 27.5 хувийг трихомониаз
- 0.1 хувийг ХДХВ-ийн халдвар тус тус эзэлж байгаа ба нийт тохиолдлын 78.7 хувь нь 15-39 насны залуучууд байна.
зураг
Эрүүл мэндийн яам төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж улмаар устгах зорилт тавин ажиллаж байгааг мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ тандалт судалгаанд үндэслэн дөрвөн багаар Баянхонгор, Булган, Ховд, Сэлэнгэ, Өмнөговь аймагт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлээд байгаа юм.
Нийт дүнгээр тандалт судалгаанд үндэслэн 500 мянга гаруй хүнийг үзлэгт хамруулж, өвчтэй оношлогдох эрсдэлтэй 22,580 иргэнийг тэмбүүгийн эмчилгээнд хамруулна гэж тооцжээ.
Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин бөгөөд халдвар авсан хэн боловч өрх, сум, аймаг, нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношилгоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. 2.4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулснаар өвчин бүрэн эдгэрнэ. Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр, хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилдэг.
Мөн тэмбүүгээр өвдсөн жирэмсэн эх хяналтдаа эрт орж өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд эх, хүүхэд аль аль нь эрүүлжих боломжтой ба энэхүү эмчилгээ урагт гаж нөлөөгүй байдаг байна.
Монгол хүний удмын санд хортойгоор нөлөөлөх энэ өвчнөөс ард иргэдээ хамгаалахын төлөө эрүүл мэндийн салбар эрчимтэй ажиллах болно хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.