Хөвсгөл аймагт ойн хөнөөлт шавжийн хэт олшролт 5-8 жилийн давтамжтай явагдаж байгаа бөгөөд энэ жил шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй, өрөөсгөл хүр эрвээхэй их хэмжээгээр тархаж ойд хөнөөл учруулж байна. Иймээс ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг ирэх даваа гарагаас шуурхай эхлүүлэхийг аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сум дундын ойн ангиудын удирдлагуудтай уулзаж үүрэг чиглэл өглөө.
Аймгийн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардал болон аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хорны зардлыг гарган сум дундын ойн ангиуд, сумдын Засаг даргын тамгын газар, ойн нөхөрлөл иргэдтэй хамтран устгах ажлыг голомтлон тархсан сумдад хийнэ.
Сумдын байгаль хамгаалагч, ойн ангиудын хийсэн судалгаагаар 19 сумын нутагт нийт 326.971 га ойн талбайд 3 төрлийн ойн хөнөөлт шавж тархаж голомт үүссэн судалгаа гарчээ. Энэ нь сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулбал 54 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ойн хөнөөлт шавжид жил дараалан өртсөн ойн төлөв байдал доройтож хатаж хуурайшдаг гэнэ. Ойн хөнөөлт шавж тархалтын байдлыг авч үзвэл Арбулаг 7486 га, Алаг-Эрдэнэ 16030 га, Баянзүрх 3216 га, Бүрэнтогтох 8078 га, Галт 35000 га, Жаргалант 40000 га, Цагаан-Уул 9000 га, Цэцэрлэг 3456 га, Шинэ-Идэр 9002 га, Улаан-Уул 3700 га, Хатгал 2843 га, Тосонцэнгэл 2000 га, Рашаант 20000га, Их-Уул 21200 га, Түнэл 15000 га, Тариалан 16800 га, Цагаан-Үүр 31964 га, Чандмань-Өндөр 32357 га, Эрдэнэбулган 49839 га ойн санд Якобсоны төөлүүрч, Шилмүүс хуйлагч, Өрөөсгөл хүр эрвээхэй ойн хортон шавж тархсан байна.