Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хамт олон баярын өдрөө “Гамшгийн иж бүрэн сургууль” болоод Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймаг орон нутагтаа амжилттай зохион байгуулж, өөрийн байгууллагын үйл ажиллагаа, бэлтгэл бэлэн байдлаа иргэд олон нийт хийгээд ирсэн зочид гийчдэд танилцуулан сурталчилсан, үйл ажиллагаагаа өндөрт өргөн ажиллаж байгаа гээд олон их амжилтаар угтаж байна.
Баярын энэ өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг аварч хамгаалах ариун үйлсэд өөрийн амь насаа үл хайхран өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэж яваа Онцгой байдлын нийт авран хамгаалагчиддаа халуун талархал илэрхийллээ. Мөн тэрээр тус байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлж, хэрэгцээ шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр ханган, алба хаагчдын ажиллаж амьдрах таатай боломж нөхцөлийг бүрдүүлэхэд бүхий л талаар анхаарч ажиллахаа илэрхийллээ. 18 жилийн ойн энэ өдөр аймгийн Засаг дарга болон аймгийн ОБГ-ын харилцан хамтын ажиллагааны хүрээнд 3 алба хаагчдад иж бүрэн 5 ханатай өргөө цагаан гэрийг хүлээлгэн өгч баяр нэмлээ. Мөн зарим алба хаагчдыг шагнаж урамшуулан, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад хамтарч ажилласан байгууллагуудын төлөөлөлд талархал хадгалууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 18 дахь жилтэйгээ золгож байгаа ажээ.
Эх сурвалж: MONTSAME
1 comment
Байр саванд оруулж болдогүй юм уу гамшиг осолын дуудлага гээд завгүй ажилдаг хүмүүс штээ.