ОБЕГ-ын харьяа “Алтан гадас” одонт Уул уурхайн аврах 09 дүгээр анги нь улсын хэмжээнд уурхай, уулын үйлдвэрт гарч болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох үндсэн үүргийг хэрэгжүүлж байна.
Мөн нийтийг хамарсан гамшиг, ослын үед гал унтраах, эрэн хайх, аврах үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлэн оролцох үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Байгуулагдснаас хойш өнөөг хүртэл 70 жилийн хугацаанд 1675 хүний амь насыг уулын үйлдвэрлэлийн ослоос авран хамгаалж, 19,580 цэгт хий, тоосны урьдчилан сэргийлэх шинжилгээний сорьц хийж, уулын нурал, усны цөмрөл, гал түймэр, хорт хийн ялгарал зэрэг ослуудад 500 гаруй мянган баг/цаг агааргүй, хорт хий бүхий хүнд халуун нөхцөлд ажиллаж, ил уурхайн галын цэгт 1550 мян.м3 ус шүршиж, 200 мян.м3 нурлыг сэргээж, 52 мян.м3 бетонон хаалт хийн улс, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Тухайлбал:
-1970 онд Зоргол хайрханы уурхайд гарсан нурал сэргээх ажилд 160м газрыг сэргээн засварласан,
-1975 онд Бүрэнцогтын уурхайд гарсан нуралд хоёр сар ажиллан, хэвийн ажиллагаанд оруулсан,
-2008 оны Шарын голын нүүрсний уурхайн түймрийг унтраах ажлыг удирдан зохион байгуулсан.,
-2018 онд Төв аймгийн Заамар сумын нутагт “Эко алтан заамар” ХХК-д болсон осолд өртсөн иргэдийг татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, нийслэл, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж үүргээ амжилттай гүйцэтгэсэн,
-2019-2022 онуудад дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварыг бууруулах үйл ажиллагаанд тус ангиас давхардсан тоогоор 94 алба хаагч ажиллаж, 2790 иргэнийг тусгаарлан ажиглах байранд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, 65 алба хаагч гурван удаагийн хөл хорионы үед, 1792 цаг гудамж, талбайд хяналтын үүрэг гүйцэтгэжээ.
Түүнчлэн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах 30 жил ашиглагдаагүй “Асгатын мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажилд байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд ажиллан, төр засгаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.