Барилга, хот байгуулалтын сайд Х.Мөнхбаатар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн мэдүүллээ.
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ
Газрын тухай хууль нь 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нийт 7 бүлэг, 64 зүйлтэйгээр батлагдсанаас хойш бусад хуульд өөрчлөлт орсны улмаас Газрын тухай хуульд нийтдээ 32 удаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад шинэ тутам үүсэж байгаа газартай холбоотой олон талт харилцааг 2002 онд батлагдсан Газрын тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж, тус хуулийг боловсронгуй болгох, өөрчлөх замаар шийдвэрлэвэл зохих олон асуудал үүссэн аж.
Тиймээс хуулийн төслийн зорилтоос эхлээд өнөөдөр энэхүү салбарт хэрэгцээ нь үүсэж, шаардагдаж байгаа зохицуулалтуудыг хуулийн төсөлд шинэчлэн болон шинээр тусгасан байна.
Хуулийн төсөлд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бусад төрийн захиргааны төв байгууллага, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон бусад төрийн захиргааны байгууллагын эрх, үүргийн асуудлыг нарийн зааглан ялгаж, нарийвчлан тодорхойлжээ.
Улсын Их Хурал нь төрөөс газрын талаар баримтлах нэгдсэн бодлогыг тодорхойлдог учраас Засгийн газрын саналыг үндэслэн улсын хэмжээнд газрын харилцааны салбарт хийгдсэн ажлын явц, үр дүнг болон Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлдэг байх, шаардлагатай тохиолдолд хэсгээр буюу бүхэлд нь Улсын Их Хурлын нэгдсэн чуулганд оруулж хэлэлцүүлж байхаар хуулийн төсөлд тусгаж, газрын талаарх төрийн бодлого, хууль эрх зүйн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтыг тодорхойлох, үүнд шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлүүлэхээр оруулжээ.
Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлийн төрлүүд, тэдгээр бүсчлэл дэх газар ашиглалтын зориулалт бүрд тавигдах дэглэм, зөвшөөрөгдөх газар ашиглалтын төрөл, эрхийн хэлбэрийг тодорхой болгох /ойн сан бүхий газарт зуслан гэх мэт суурьшил үүсэх, үндсэн ангиллын зориулалт, хэрэгцээнд нийцэхгүй дэд ангиллыг бий болгох /бичил уурхай г.м/ газрын төлөв байдал, чанарыг доройтуулах нөхцөлийг тодорхойлж хариуцлагыг хуульчлахаар тусгасан байна.
Газар зохион байгуулалтын үйл ажиллагааг цогц байдлаар тодорхойлж, төлөвлөлтийн дэс дараалсан үйл ажиллагааг тодорхой болгон хуульчлах, төлөвлөлтийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, эрхлэх, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, тодотгол хийх эрх зүйн үндэслэлийг бүрдүүлж өгчээ.
Газар эзэмших эрхийг эд хөрөнгийн бие даасан эрх байхаар тодорхойлсон нь эдийн засгийн агуулгагүй, бие даан хэрэгжүүлэх боломжгүй байгаагийн зэрэгцээ практикт газар эзэмших эрх нь газар өмчлөх эрхээс төдийлөн ялгарахгүй байгаа юм. Одоогийн эрх зүйн зохицуулалтаар тодорхойлогдсон газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн 3 эрхийн төрлийг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулийн суурь үзэл баримтлал болон олон улсад нийтлэг хэрэглэгдэж буй эд хөрөнгийн эрхийн зохицуулалттай нийцүүлэн томьёолох зайлшгүй шаардлагатай байгаа тул хуульд заасан эрхийн зохицуулалтыг өөрчилсөн байна.
Иргэний эрх зүйн эдийн баялгийн эрх зүйн үндсэн зарчим болох хөрсөнд бэхлэгдсэн зүйл хөрсөндөө үлдэх зарчимд үл хамаарах тохиолдлуудыг туйлын тодорхой тусгах, үүний нэг нь шинээр баригдсан болон хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууц эзэмшигчдийн газрын эрхийн асуудлыг “Кондоминиум” /дундын мэдлийн газрын эрх/ хэмээх эд хөрөнгийн эрх болохыг анхаарч зохицуулах шаардлага нэгэнт тулгарсан байгааг харж хуулийн төсөлд нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ.
Газрыг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах зориулалт, тэдгээр зориулалт бүрд тавигдах шалгуур үзүүлэлт, төрийн байгууллагуудын эрх, үүргийг тодорхой болгож хуульчлахын зэрэгцээ улс, орон нутгийн тусгай болон нийтийн хэрэгцээг үндэслэн нийгмийн зайлшгүй хэрэгцээнд газрыг чөлөөлөх, газар хамгаалах, нөхөн сэргээх, газрыг дүйцүүлэн хамгаалах болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхтэй холбоотой зарчмын тулгуур асуудлыг тусгасан байна.
Одоогийн мөрдөгдөж буй Газрын тухай хуульд гэр бүлийн хамтын хэрэгцээний болон төсөвт байгууллагад зайлшгүй эзэмшүүлэхээс бусад зориулалтаар олгох газрыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэхээр хуульчилсан боловч ямар тохиолдолд дуудлага худалдаа, эсвэл төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газар эзэмшүүлэхийг нарийвчлан зааж өгөөгүй тул энэ талаар нарийвчилсан оруулжээ.
Түүнчлэн газрын биржээр ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхой бус байгаа тул хуулийн энэхүү заалт өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Иймд төрийн өмчийн газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох, газрын дуудлага худалдааг зохион байгуулах, төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, Монгол Улсын иргэн өмчилсөн газраа дуудлага худалдаагаар арилжихад зуучлах, иргэн, хуулийн этгээдийн газрын хязгаарлагдмал эрхийг дуудлага худалдаагаар арилжихад зуучлах зэрэг үйл ажиллагааг газрын биржээр дамжуулан явуулж байх, газрын биржийн үйл ажиллагааны дүрэм, ажиллах журмыг Засгийн газар баталдаг байх зохицуулалтыг шинээр тусгасан байна.
Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 11 бүлэг 110 зүйлтэй боловсруулжээ.
КАДАСТРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ
Төрөөс газрын харилцааны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, ухаалаг засаглалыг бий болгох гол хөдөлгөгч хүчин зүйлийн нэг бол кадастр /кадастрын нэгдсэн систем/ болж байна. Иймд кадастрын үйл ажиллагааг нарийвчлан боловсронгуй болгох, гурав болон 4 хэмжээст кадастрын системийг бий болгох, олон улсын жишигт нийцүүлэн олон зориулалтат кадастрыг хөгжүүлэх, иргэн, хуулийн этгээдийг газрын харилцаатай холбоотой үйлчилгээгээр хүртээмжтэй хангах, газарт тавих төрийн хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн дараах хэрэгцээ, шаардлагын хүрээнд хуулийн төслийг боловсруулсан хэмээн төслийн танилцуулгад дурджээ.
“Кадастр” гэдэг нь нэгж талбар, түүний дэд талбар, хил зааг, байршил, хаяг, тухайн нэгж талбартай холбоотой эрх, эрхийн хязгаарлалт, зураглал, үнэлгээ, татвар, төлбөр, шинж чанар, төлөв байдал, нөөц, нөөцийн чадавхийг агуулсан мэдээлэл бүхий олон зориулалтын бүртгэл, түүнийг эрхлэх цогц үйл ажиллагаа байхаар хуулийн төслийг боловсруулсан байна.
Кадастрын нэгдсэн тогтолцоог бий болгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаж, кадастрын дэс дараалсан үйл ажиллагааг хуульчилж тодорхой болгохоор хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд улсын хэмжээний кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд суурилсан дундын мэдээллийн санг байгуулах, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг газартай холбоотой мэдээллээр тухай бүр хангах, кадастрын зураглалын ажил болон хээрийн судалгааны ажлыг нэгдсэн системд оруулах, баталгаажсан кадастрын зургийн зохицуулалтын талаар тодорхой тусгасан байна. Мөн газрын маргаан гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, газрын кадастрын мэдээллийн сангийн хяналтын талаар шаардлагатай зохицуулалтууд болон мэдээллийн санд санаатай болон санаандгүй өөрчлөлт оруулсан, хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд тооцох хариуцлагын арга хэмжээг тодорхой тусгаж өгчээ. Газрын үнэлгээтэй холбоотой нэр томьёог бусад хууль тогтоомж, олон улсын стандарттай нийцүүлэх, газрын үнэлгээний үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлж, олон улсын жишигт нийцсэн, өөрийн орны онцлогт тохирсон газрын үнэлгээний тогтолцоог бий болгох боломжийг хуулийн төсөлд нэг бүлэг болгон оруулж, нөөцийн кадастр, эрхийн кадастр, санхүүгийн кадастрыг өөртөө агуулсан олон зориулалтат кадастрыг хөгжүүлэх зорилгын үүднээс эдгээр кадастрыг эрхлэх үйл ажиллагааг тус тусад нь бүлэг болгон нарийвчлан хуулийн төсөлд тусгасан байна.
Кадастрын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 6 бүлэг, 37 зүйлтэй боловсруулжээ.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд 7 удаа нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд үүний гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацаа буюу хуулийн 19.1.2, 19.1.3, 19.1.4 дэх заалтыг дагаж мөрдөх хугацааг 5, хамгийн сүүлд 10 жилээр сунгасан байна.
Хууль 2003 онд хэрэгжиж газар өмчлүүлэх ажил эхлэхэд иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран өмчилж /өрх/ байсан ба 2008 онд газрыг иргэн бүрт өмчлүүлэх, мөн өмнөх 5 жилийн хугацаанд иргэний дундаа хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж бусад гишүүдэд шинээр газар өмчлөх эрх үүсэхээр нэмэлт өөрчлөлт орсон аж.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд орсон бусад нэмэлт, өөрчлөлт нь холбогдох хуулиуд шинээр болон шинэчлэн батлагдсан, нэмэлт өөрчлөлттэй холбоотой байна.
Газар өмчлөлийн мэдээнээс харахад хууль хэрэгжиж эхэлсэн эхний 5 жилд улсын хэмжээнд нийт өрхийн 28.14 хувь нь гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран газар өмчилж авсан бол, хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 19.8 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авчээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тулгарч буй асуудал, өөрчлөх хэрэгцээ, шаардлагыг тандан судлах, мөн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зүйл заалтад дүн шинжилгээ хийж, үр нөлөөг тооцох ажиллагааг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”, “Хуулийн төслийн үр нөлөө тооцох аргачлал”-ын дагуу тус тус гүйцэтгэсэн. Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судалсан үнэлгээгээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.
Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх ажлыг хугацаанд баригдалгүй, оновчтой, нэгдсэн төлөвлөлт, бүртгэлтэйгээр зохион байгуулж, улмаар өмчилсний дараа газрын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалт, насанд хүрээгүй иргэний өмчийн газрыг түүний хууль ёсны төлөөлөгч нь захиран зарцуулах, барьцаалах зэргээр өмчийн эрхэд нь халдаж байгааг хязгаарлах, мөн газрын улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн уялдааг сайжруулах, асуудал эрхэлсэн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх, улсын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг Засгийн газраас баталсаны дараа уг төлөвлөгөөг үндэслэн аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэргэжлийн төлөвлөгөөг үндэслэн газар өмчлүүлэх шийдвэр гаргадаг байх, хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө түүний бүсчлэлийн шаардлага, дүрэмд нийцүүлэн өмчийн газар дээрээ жижиг үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх зохицуулалт шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолт, төрөөс газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх, газар өмчилж авах тухай өргөдөл гаргах, түүнийг хянах, газар өмчлөгч иргэнд хориглох зүйл, иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон бүртгэл, хөдөлгөөний талаар тодорхой зохицуулалтуудыг тусгасан байна.
НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭНД ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлттэй уялдан үндэсний болон бүс нутгийн хэмжээний томоохон дэд бүтцийн болон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээ, нийгмийн зайлшгүй хэрэгцээ, ашиг сонирхолд нийцүүлэн хувийн өмчийн болон эзэмшил, ашиглалтанд байгаа газрыг чөлөөлөх шаардлага гарч байна.
Газар чөлөөлөхтэй холбогдсон төр, иргэн болон бусад этгээдийн хооронд үүсэх харилцааг нарийвчлан зохицуулаагүйгээс газар чөлөөлөлтөд өртөгчдийн эдлэх эрх, авах нөхөх олговор, тусламж дэмжлэг тодорхойгүй, гомдол маргааны шийдвэрлэх механизм байхгүй зэргээс шалтгаалан “гол хохирогч мөн буруутан” нь иргэд болох нь түгээмэл байна.
Иймд газар чөлөөлөх үндэслэлийг тодорхой зааж, гагцхүү хуульд заасан үндэслэлээр иргэд, тэдгээрийн газар, өмчийн эрхийг хязгаарлах, иргэдэд зохих хэмжээний шударга ёсны нөхөн төлбөрийг олгох, мөн төрийн байгууллага болон иргэдийн эрх, үүргийг тодорхой болгох зэрэг гол тулгамдсан асуудлыг хуулийн төсөлд цогц байдлаар тусгасан хэмээн хуулийн төслийн танилцуулгад дурджээ.
Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслийг 6 бүлэг 37 зүйлтэй боловсруулсан бөгөөд нийтлэг үндэслэл, газар чөлөөлөх үйл ажиллагаа, газар чөлөөлөлтөд өртөгч, түүний эрх, үүрэг, газар чөлөөлөх асуудлаарх төрийн байгууллагуудын бүрэн эрх, газар чөлөөлөх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх болон бусад зүйлийг тусгасан байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа ашигт малтмалын хайгуул, олборлолттой холбогдон гарч буй газар чөлөөлөлтийн асуудлыг зохицуулахгүй бөгөөд иргэдийн эзэмшил, өмчлөлийн газар дээр дахин төлөвлөлт хийхдээ зөвхөн тэдний зөвшөөрөл, санаачлага дээр тулгуурлах нь илүү оновчтой гэж үзжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар газар чөлөөлөх үндэслэл, шаардлага тодорхой болж, газар чөлөөлөх харилцаанд оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлага тодорхойлогдох тул нийтийн эрх ашгийг хангахад чиглэсэн аливаа бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа саадгүй хэрэгжих эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн үзжээ.
Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Газрын төлбөрийн тухай хуулийн төсөлд дараах асуудлыг тусгасан байна.
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын төлбөрийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа газрын суурь үнэлгээтэй холбоотой харилцааг олон улсын жишгийн дагуу Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаж, Газрын төлбөрийн тухай хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай харилцааг дутуу тодорхойлсныг илүү өргөн хүрээнд тодорхойлсон байна.
Газрын төлбөрийн хувь хэмжээг тодорхой хязгаарт багтаан нэмэгдүүлж, энэ хязгаар дотор багтаан хөгжлийн онцлог, хүн ам, газар ашиглалтын байдалд нийцүүлэн газрын төлбөр хэд байхыг тухайн орон нутаг өөрөө шийдвэрлэдэг байх зохицуулалтыг тусгажээ. Энэ зохицуулалттай холбогдуулан Татварын ерөнхий хуульд “газрын төлбөрийг Засгийн газар тогтоодог байсан заалтыг хасаж, ИТХ тогтоодог” байхаар нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа төрийн өмчийн газрыг аливаа хэлбэрээр ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ямар нэгэн байдлаар төлбөр төлдөг байх, төлбөрийн бааз суурийг өргөтгөх замаар улсын төсөвт газрын төлбөрийн орлогоос орох орлогыг нэмэгдүүлэх зарчмыг баримталсан аж.
Газрын болон татварын асуудал эрхэлсэн байгууллагууд хоорондын эрх, үүргийг оновчтой болгож, газрын төлбөр, татварын мэдээллийн нэгдсэн тогтолцоог байгуулах, дундын мэдээллийн сангаар дамжуулан төрийн болон бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох, газрын төлбөр, татварыг ногдуулах, төлбөр хураах, хяналт тавих, маргааныг хянан шийдвэрлэх зэрэг асуудлуудыг нарийвчлан тодорхойлон хууль зөрчсөн этгээдэд ногдуулах хариуцлага, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан бөгөөд хууль хоорондын харилцан уялдаагүй байдлыг шийдвэрлэсэн байна.
Хуулийн төсөл батлагдсанаар төлбөр төлөгчийн бааз суурийг өргөтгөх, төлбөр ногдуулалт, барагдуулалтыг цахим болгох, дундын мэдээллийн сангаар дамжуулан харилцан мэдээлэл солилцдог байх харилцааг зохицуулж, төрийн үйлчилгээ түргэн шуурхай, төлбөр төлөгчид хүндрэлгүй хялбар болж, цаг хэмнэх нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Мөн хуулийн төсөлд газрын төлбөр тооцох үзүүлэлт, төлбөрийн хувь, хэмжээ, газрын төлбөр ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, төвлөрүүлэх, тайлагнах, хяналт тавих талаар тодорхой зохицуулалтуудыг тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.