Амралтын өдөр (2022.6.12)-ийн 14 цагийн орчимд Зайсангийн гүүрний дэргэд цагаан хувцсаар жигдэрсэн, ажлын бээлий өмсөж, урт төмөр чимхүүр бариад баяр хөөртэй байсан залуус бол хог цэвэрлэхээр цугласан WeLoveU олон улсын байгууллгагын сайн дурын гишүүд байлаа.
“Цэвэр дэлхий” (Clean World) хөдөлгөөний хүрээнд нийслэлийн ундны усан хангамжийн эх үүсвэр болсон Туул голын эргийн дагуух нэг км орчим талбайн хог цэвэрлэх ажилд WeLoveU байгууллагын гишүүд, тэдний ар гэр, хөрш гээд ойролцоогоор 400 гаруй хүн цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхийн төлөө сэтгэл хүслээ нэгтгэн оролцлоо.
Улаанбаатар хотын Захирагчын ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Х.Үзмээ: “WeLoveU” олон улсын байгууллагаас өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн Туул гол орчимд цэвэрлэгээ хийхээр олон гишүүд нь оролцож байгааг харахад сэтгэл хөдөлж байна. Цаашид энэ хөдөлгөөнөө олон удаа зохион байгуулж, Улаанбаатар хотын Захирагчийн албатай хамтран ажиллахыг хүсэж байна. Амралтын өдрөөрөө байгаль орчноо хамгаалах, цэвэр байлгахад цаг гарган ирж, ийм сайхан ажилд сайн дураараа оролцож байгаа та бүхэнд талархсанаа илэрхийлье” гэв.
Сайн дурынхан Туул голын эргийн дагуу, мөн усны захаар хөглөрсөн хаягдал цаас, хуванцар, резин, хуванцар эдлэл, төмөр, архи, ундааны шил, нэг удаагийн хэрэглээ гэх мэт 350 гаруй уут ахуйн хог хаягдал цэвэрлэсэн байна.
“Цэвэр дэлхий” хөдөлгөөнд оролцсон Хан-Уул дүүргийн Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Алтангэрэл: “Өнөөдөр WeLoveU байгууллагын залуус Туул голоо цэвэрлэсэн нь маш чухал. Туул дэлхийн бохирдолтой голуудын тоонд ордог. Үүний гол шалтгаан бол хог хаягдал, химийн бодис юм. Энэ хог хаягдлаас болж Улаанбаатар хотын ундны усны гол эх үүсвэр бохирдож байна. Загас жараахайнууд нь багасаж, голын эрэг орчмоор хогийн ургамлууд ургаж байгааг судлаачид тогтоосон. Хан-Уул дүүргээс “Эко дүүрэг” уриаг дэвшүүлж, хог хаягдлыг багасгах, бууруулах зорилт тавин ажиллаж байна. Бидний энэ зорилготой нэгдэж хамтран ажиллаж байгаа залуустаа талархсанаа илэрхийлье. Цаашдаа олон зүйл дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
“Цэвэр дэлхий” хөдөлгөөний үйл ажиллагаа Улаанбаатар төдийгүй Эрдэнэт хотод нэгэн зэрэг өрнөсөн. WeLoveU байгууллагын Эрдэнэт хот дахь сайн дурын гишүүд Сархиа уулын хог хаягдлыг цэвэрлэсэн хэмээн тус байгууллагаас мэдээлэв.
1 comment
Баярлалаа