Хааяахан СГЗ сэтгүүлч Д. Амбасэлмаатай уулзах. Саяхан нэг очлоо. “Чиний Увсаас бэлтгэсэн зудны нэвтрүүлгийг тань үзлээ. Аятайхан болж” гэж байна. Харин танай Завханыхан “Хонь сайн хариулж явна уу” гэж асуудаг юм уу гэж байна. Би дуугүй л сууж байлаа. “Ер нь хонь хариулж яваа хүнтэй уулзахдаа эхэлж “Хонь тогтож байна уу” гэж асууж бай. Чи их орчин үежүүлж асууж байна. Нэг аятай дуулдахгүй байна билээ” гэв.
Тэгснээ “Миний ажиллаж байсан Нийгмийн редакц “Монголын мэдээ” сувагт ирсэн болохоор танайхыг их үзэх юм. Сайхан мэдээнүүд их явж байна. Харин арга хэмжээ гэдэг холбоо үгийг яасан их хэрэглэдэг юм бэ. Ийм арга хэмжээ боллоо, энэ арга хэмжээнд, энэхүү арга хэмжээний үр дүнд гэхчлэн нэг мэдээнд гурав, дөрвөн удаа орчихоор ямар сайхан мэдээ байлаа ч үнэ цэн нь буурчих юм. Монгол хэлэнд энэ хоёр үгийг орлуулчих олон сайхан холбоо үг бий дээ гэж цай уух зуур хөөрхөн чимхээд авав. Бодох л үг шүү.
Эх сурвалж: MNB.MN П.Алтанцэцэг /2016 он/