Ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн биед цагдаа халдаж, улмаар зургаан цаг түр саатуулан байцаалт авсан асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагын зүгээс өөрсдийн санаачилгаар тэнд очиж захиргааны үйл ажиллагаа явуулаагүй. Гаргасан захирамжийн хүрээнд дэмжлэг үзүүлэхээр ажилласан. Энэ явцад цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, машинаараа түрсэн, согтуурсан зэрэг хэрэг гарсан. Тухайн хүмүүсийг холбогдох дүүрэг цагдаагийн хэлтсээс хянаж, шалгаж байгаа.
Мөн өчигдөр хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага тэнд байсан. Энэ хооронд Парламент телевизийн сэтгүүлч н.Гэрэлмаа болон цагдаагийн ажилтны дунд ажил үүргээ гүйцэтгэх явцад маргаантай асуудал гарсан юм. Улмаар, сэтгүүлч гэмтэж бэртсэн тухай өөрийн цахим хуудсанд мэдээлэл бичсэн. Бид зохих мэдээлэл, гомдлын дагуу сэтгүүлчтэй холбогдож, сэтгүүлчийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй гэх үйлдэлд зөрчил үүсгэж, хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ.