“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболд, Х.Янжингаажид нар гэрлэлтээ цуцлуулах болсон нь олны анхаарлыг маш ихээр татаж байна. Тэдний гэрлэлтийг бүртгэсэн процесс хууль бус. Тодруулбал тухайн цаг үед Т.Ганболд, Х.Янжингаажид нар нь хуулийн дагуу хамтдаа биеэр, гэрч нарын хамт байх ёстой байтал гадаадад байсан, биеэр байгаагүйгээс гадна бүртгэл үүсгэсэн улсын байцаагчид “..танил нь гуйсан учир бүртгэсэн” гэж мэдүүлжээ. Тиймээс УБЕГ-ын Хяналт шалгалтын газраас гэрлэлтийг хүчингүй гэж үзсэн.
Гэсэн ч Х.Янжингаажид Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар 2022 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0273 дугаар шийдвэрээр гэрлэлтийн баталгаа хүчин төгөлдөр гэсэн шийдвэр гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж УБЕГ давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар асуудлыг шийдэх шүүх хурал өнөөдөр болжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч тал болох УБЕГ-ын нэхэмжлэлийн дагуу тэдний гэрлэлтийг хууль бус гэж үзжээ. Иргэн Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлт хууль бус гэдгийг тогтоосон бөгөөд бүртгэл үйлдсэн улсын байцаагч нар хууль зөрчин бүртгэл үүсгэснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоо АТГ-т шалгуулж байгаа учир Захиргааны хэргийн шүүх уг асуудлыг шийдэх боломжгүй, Эрүүгийн хэргийн шүүхээр асуудлыг шийдэх ёстой хэмээн үзлээ. Нэг ноцтой мэдээлэл байгаа нь хууль бус бүртгэл үүсгэсэн байцаагч нар буруугаа хүлээж байхад хууль ёсны гэж үзсэн Захиргааны хэргийн шүүгч н.Батсүрэн нь шийдвэр гаргаснаасаа хойш хэдхэн хоногийн дараа тэтгэвэртээ гарсан юм байна.