“Балетын олимп” хэмээгддэг Москвагийн олон улсын балетын XIV уралдаан Москва хотын Большой театрт үргэлжилж байна. Тэмцээнд манай улсыг төлөөлөн гавьяат жүжигчин О.Анужин, гоцлооч Б.Марал, Г.Нямцэрэн, эрэгтэй балетчидаас Ө.Мөнхжин, О.Даваадорж, А.Тэмүүлэн, Х.Галтулга, Д.Нацагдорж нар улсаа төлөөлөн оролцож байгаа. Тэгвэл ДБЭТ-ын балетын гоцлооч Ө.Мөнхжин шагналтнууд тодруулах сүүлийн шатанд үлдсэн байна. Энэ шатанд Большой театрын оркестртой хамт тоглох юм. Түүний хувьд ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд 2018 оноос ДБЭТ-т ажиллаж эхэлжээ. Ө.Мөнхжин 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон “IBCC 2017” тэмцээнээс тусгай байр, 2019 онд ОХУ-ын Улаан-Үд хотод болсон “Российско-Японский Евразийский конкурс артистов балета” тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.
1969 оноос эхлэн дөрвөн жил тутамд нэг удаа Большой театрт зохион байгуулж ирсэн энэхүү уралдааныг энэ жил ЗХУ-ын ардын жүжигчин Оросын домогт бүжиг дэглээч Юрий Григоровичийн мэндэлсний 95 жилийн ойд зориулан зохион байгуулж буй юм байна. Түүний хувьд энэхүү уралдааныг санаачлагчдын нэг юм.