Таталтын эсрэг булчин суллах эм цар тахлын үеэс хойш тасраад хоёр гаруй жил болж байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд өчигдөр /2022.06.08/ Төрийн ордны гадна эсэргүүцлээ илэрхийлэв.
Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “ Цар тахлын үе хамгийн том тулгамдсан асуудал бол таталтын эм байсан. Өнгөрсөн сард Францын компанид 10 нэр төрлийн эм оруулж ирэх зөвшөөрлийг нь өгсөн.
Өөрөөр хэлбэл, таталтын эмийг нэгдүгээрт албан ёсоор оруулж ирэх зөвшөөрлийг нь өгч байгаа. Нөгөө талаар энэ эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлдөг, төрөөс даадаг байх тогтолцоог бий болгоё гэж Эрүүл мэндийн сайдтай ярьсан.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв өнөөдөр очиж ажиллахад тус төв эрүүл мэндийн үйлчилгээ бус сэргээн засах, хөгжлийн үйлчилгээ л үзүүлдэг байсан. Тиймд тэнд эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, тусгай зөвшөөрөл авах ажил хийгдэж байна, тун удахгүй үр дүн гарна.
Өнөөдөр өвчний улмаас хандив цуглуулаад гадагшаа явж байгаа маш олон хүүхэд бий. Гэтэл цөөн хүүхдүүдийг гадагшаа явуулахаас илүү яг мэргэжлийн эмч нарыг гаднаас урьж, Монголд ажиллуулах нь илүү олон хүүхдэд хүрэх боломж нь нээгдэнэ. Иймд Эрүүл мэндийн яам болон ГХЯ хамтран мэдрэлийн өнцгүүдийг суллах хагалгааг судалж, бүрэн эдгэхгүй ч тодорхой хэмжээний сайжруулалт байгаа бол бид аль болох сайжруулалт, үр дүнтэй сайжруулах тал дээр ажиллах ёстой.
Нөгөө талаар бас дотоодод ажиллаж байгаа эмч нарынхаа чадамжийг нэмэгдүүлж, дотооддоо энэ хагалгааг хийдэг болохын тулд боловсон хүчнээ бэлдэж эхэлье гэж бодож байна” гэлээ.