Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр төрийн өмчит компаниуд 969.6 тэрбум, яамдуудад 887,6 тэрбум, Улаанбаатар хот болон нийслэлтэй холбоотой байгууллагуудад 486.6 тэрбум, орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгууд 195,6 тэрбум төгрөг, Хөдөө аж ахуйг дэмжих санд 182.7 тэрбум, Төв банк 37.5 тэрбум, арилжааны банкууд дээр 14.8 тэрбум, орон нутгийн өмчит компаниуд 12.5 тэрбум, бусад 320 гээд нийтдээ 3.1 их наяд төгрөгийн дамжуулан зээлийн өрийн үлдэгдэлтэй байна гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат мэдээллээ.
Сангийн яамны зүгээс сүүлийн жилүүдэд зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад эрчимтэй ажиллаж байгааг онцлоод Сангийн сайдын тушаалаар баталсан дамжуулан зээл олгох журамд зээл авахын өмнө эргэн төлөх чадварт эрсдэлийн үнэлгээ хийгээд үүнийгээ Үндэсний аудитын газарт явуулж хянуулж, баталгаажуулдаг болсноор багагүй дэвшил гарсан гэв.
Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, тайлан мэдээллийг сонсоод өнгөрөх бус энэ нь гадаадын зээл, тусламжийн эргэн төлөлт, хяналт, бүртгэлтэй холбоотой чухал асуудал тул Үндэсний аудитын газрын тайланг үндэслэн гишүүдээс гаргасан саналыг тусгаж, Засгийн газарт чиглэл өгөх Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулж, гишүүдээрээ хэлэлцүүлэхээ мэдэгдсэн юм.