Стандартчлал хэмжил зүйн газрын даргын 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн тушаалаар үндэсний морин хуурын стандартыг батлан, бүртгэжээ.
Энэхүү стандартыг өнөөдөр Монголын Морин Хуур Урлаачдын Холбоонд хүлээлгэн өглөө.
Тус холбооны тэргүүн Б.Баярсайхан “2009 оноос эхлэн 13 жилийн турш олон судалгаа, хэлэлцүүлэг хийсний үр дүнд морин хуурын стандарт баталгаажиж байна. Өнгөрсөн хугацаанд хэлэлцүүлгүүдэд идэвхтэй оролцсон багш, удирдаач, урлаач нартаа талархлаа илэрхийлье. Стандарт батлагдсанаар цаашид үндэсний бусад хөгжмийн зэмсгүүд стандарттай болох эхлэл тавигдаж байна. Морин хуур дэлхийд түгэн дэлгэрч буй одоогийн цаг үед стандарт хамгийн их хэрэгтэй байлаа” гэлээ.
Соёл Урлагийн Их Сургуулийн морин хуурын багш О.Баттөгс “Олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад өгүүлэл, илтгэл тавихад “Морин хуур хөгжимд стандарт байдаг уу” гэх асуулт хамгийн их ирдэг. Өнөөдөр стандартаа хүлээн авснаар тодорхой хариулт өгөх боломжтой болж байна. Морин хуур стандарттай болсон хөгжимчид болон судлаач нарт томоохон алхам боллоо. Цаашид ч олон алхам хийх байх” гэв.
Түүнчлэн “Стандарт батлагдсанаар хэмжээ, дүрс, дуу дуугаралт нэгэн жигд болж байгаа. Хэмжээ өөрчлөгдсөнөөр хөг алддаг. Иймд урлаачид, багш нар бүгд нэгдэн хэмжээс дээрээ тогтсон. Тоо бүрийн цаана судалгаа бий” хэмээн албаныхан онцоллоо.