”Монголчууд үйлдвэрлэгч орон болно” гээд яриад байсан нь хаана байна. Монголчууд өөрсдөө үйлдвэрлэе, хийе гээд хувийн хэвшил нь ханцуй шамлаад орохоор нэг бол төр нь “ХҮЧИНДЭЭД” авчихдаг, эс бөгөөд Хятадууд, гаднынхны гарт орчихно. Ийм байдалтай яаж үйлдвэрлэгч орон болох билээ. Бусдаас хараат байхаас яахав.
Улсын хэмжээгээр 2021 оны эцэст, мал тооллогын дүнгээр 67.3 сая толгой мал тоологдож, өмнөх оноос 275.3 мянгаар буюу 0.4 хувиар өслөө гэх статистик мэдээ байна.
Ийм их малтай байж химийн хортой, муудсан, өмхийрсөн, үнэр амт оруулсан, элдэв бусын тариа тарьсан мах идэж суух ЗАЯАТАЙ МОНГОЛЧУУД аж.
Махны зах зээлээ Хятадуудад алдчихсан. Алдана ч гэж дээ, төр өөрөө ӨГЧИХСӨН. Цаашдаа ч бүгдийг гаднынханд “өгнө”. Үндэсний гэх бүх үйлдвэрээ төр булааж аваад харийнханд өгнө. Ингээд Монгол улс буцаад гаднынхны хараат болж, ҮЙЛДВЭРЛЭГЧ МОНГОЛ гэх үлгэр төгсөнө.
Одоо цементийн зах зээлд ГАДНЫНХАН ноён сууж, олон жил үйлдвэрлэл босгосон Монголчуудын үйлдвэр хаагдах тавилан хүлээж буй. Дотоодын зах зээлээ хангах, өөрсдөө үйлдвэрлэгч, цаашлаад экспортлогч болно гэх зорилго “КОНЕЦ ФИЛЬМА”.
Шадар сайд С.Амарсайхан “Дотоодын цемент үйлдвэрлэгчид үнээ буулгахгүй бол гаднаас цемент оруулж ирнэ” хэмээн мэдэгдэж байв. Үүнийгээ зах зээл дэх өрсөлдөөн гэж тайлбарлаж байх. Гаднаас авах байсан юм бол яах гэж дотооддоо үйлдвэр байгуулсан юм бэ?
Монгол Улсын жилийн цементийн хэрэглээ 1.8 сая тонн. Харин үндэсний гурван том цементийн үйлдвэр жилд хамгийн багадаа 2.5 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэтэл эдгээр үйлдвэрлэгч нарын үйлдвэрлэлийг зогсоох, хаах нэрээр БНХАУ-аас цемент нийлүүлнэ гээд яриад суух ТӨРТЭЙ.
БНХАУ-д өмнө нь цемент хямд үнэтэй байлаа. Харин одоо бол үнэ нь манай дотоодод зарагдаж буй үнэтэй яг ижил. Хятадад нэг тонн цемент 550 юань. Энэ бол 250 мянга орчим төгрөг. Манай зах зээл дээр худалдаалагдаж байгаа цементтэй яг л ижилхэн үнэ. Гэтэл заавал Хятадаас оруулж ирнэ гээд байгаагийн учир нь төр “ЦУС ОЙРТСОНЫГ” илтгэнэ.
Саяхандаа Төр Хөтөлийн “Цемент-Шохой” үйлдвэрийг “ХҮЧЭЭР” булаагаад авчихсан юм. Чухам энэ л үйлдвэрийг төр авснаар цементийн зах зээлийг “базна” гэж тооцсон. Гэвч гол зорилго нь дотоодын зах зээл дээрх цементийн хэрэглээг хангах бус, улс төрчдийн ПОПРОЛТ болоод ашиг сонирхол явагдсан нь одоо л ИЛ болж эхлэж байна. Төр өөрөө Хөтөлийн “Цемент-Шохой” үйлдвэрийг асар их өрөнд оруулсан нь үнэн. ХЭЛЦЭЛ нэрээр хувийн хэвшилд өгч ӨРИЙГ НЬ ДАРУУЛСНЫ дараа БУЦААГААД авчихдаг. Урваж шарвасан, ашиг, хонжоо хайгч.
Төр муу менежер. Сайжирна гэж бараг үгүй. Хувийн хэвшлээ дэмжиж, хамтарч асуудлын ард гардаг байхад ХААЖ, БООЖ, ХАВЧИЖ, ШАХАЖ, ДАРАМТАЛДАГ. Эцэст нь өнөөдөр зах зээл дээр цементийн олдоц муудаж эхэллээ. Харийн бодлогоор дотоодынхоо үйлдвэрийг хүчээр хавчиж, шахаж, хааж боогдуулаад гаднаас цемент авдаг болж зах зээлээ эзлүүлэх нь.
Төр байгаа хэсэг “ЦУС ОЙРТОГСОД” Монголын үйлдвэрлэгч нарыг дампууруулахыг нь дампууруулж, сүйрүүлэхийг нь сүйрүүлэх бодлого хэрэгжүүлж байгааг харах гунигтай.
Буцаад СОЦ нийгэм руугаа шилжье. Бүгдийг гаднынханд даатгая.
Төр.мн
Б.Бадарч