Тэнгэрийн хаяанаас цайсан үүрийн гэгээ араасаа шар туяа дагуулсаар цонхоор тусаж өрөөгөөр нэг тархахын алдад би тав тухтай нойрноосоо сэрлээ. Нойр ханажээ. Хэдийгээр босох арай болоогүй ч нэгэнт нойр сэргэсэн тул орноос босоход харамсахааргүй болж.
Босож салхивчаа онгойлготол зуны өглөөний цэнгэг агаар багтаж ядан орж нүүр илбэн үлээнэ. Агаартай хамт моддын сэрчигнээн, шувуудын жиргээн өрөөгөөр нэг сүлэлдэх нь уяран дуулмаар хөгжимийн айзам гэлтэй. Эр бор харцага жигүүрхэндээ хүчтэй гэгчээр модны мөчирнөөс хумсынхан чинээ сарвуугаараа лавтайхан атгасан хэдэн болжмор ургах гэгээг угтаж, хоорондоо уралданхан хоолойныхоо хэрээр жиргэх нь түүнд оногдсон ямар их хувь тавилан бэ.
Энэ бол өглөө. Өглөө гэдэг сайхан байх нь мэдээж боловч энэ өглөө яагаад ч юм юутай сайхан, юутай тансаг, юутай өөр.
Цонхоор харагдах хотын захын дүүрэг. Сүглийж саглайсан ногоон модод түүнээс дэгдэх өтгөн саарал униар дундаас хаа нэг байшингийн орой цухуйх нь бас л над шиг дөнгөж нойрноос сэргэж, наранд гандсан буурал дээвэр дороосоо өөрийн мэдэх тэр орчноо харж зогсох мэт. Хэдийгээр энэ хот миний төрж өссөн хот орон биш ч гэсэн би болон миний гэр бүл энэ газарт дээртэй доортой, унаж боссон амьдралынхаа нэгээхэн үеийг өнгөрөөж буй тул бас ч гэж өөриймсүү харагдана. Хаалгаар гараад л бүх юмс надад хуучин танил мэт. Гадаах хаалга, түүн дээр тогтсон бяцхан толбо, шуудангийн хайрцаг, нүдэнд танил болсон хөршүүдийн маань машинууд, бороо уснаас үүдэлтэй замын хонхорхой, будаг нь халцарсан хаалганы хуучин дугаар гээд бүгд надад танил, бүгд сэтгэлд дотно.
Тэгвэл эндээс хэдэн мянган бээрийн газар өөр нэгэн өглөө болж байгаа. Цаг нар нь таарахгүй зөрж байгааг мэдэх авч тэнд өглөө болж байгаагаар төсөөлөгдөнө.
Үнэгэн харанхуйг сүүн гэрлээрээ цайруулан самарч, үзэх нүдний харааг тодруулж, өнө мөнхөд оршихыг эрмэлзэх мөнхийн хүсэл мэт үүрийн гэгээ манхайн цайж байгаа. Алтайн сүрлэг уулс нарны анхны цацрагийг алдчихгүйг хичээн үүлэн дундаас шоволзоно. Энэ сүрлэг уулс бүхний зүрхийг шимшрүүлж, бүргэдийн жигүүр цуцаамаар харагдавч нарны гэрэлд гялтаганан гялалзахаараа баярлан эргэлдэх наалинхай нэгэн бүсгүй гэлтэй.
Гэнэтхэн гэгээ орсон ч цочин сандрахыг мартсан хурган цагаан манан нойроо дийлэлгүй унтчихсан нялх амраг шиг бор бор толгодын судаг нугаар хорогдон хорогдон ээрэгнэнэ. Нарны шаргалтах туяанд өвс өвсний толгойд бөнжигнөх мянга мянган шүүдэрс энэ орчлонг ундаалах мөнхийн рашаан. Цэцэгсийн дэлбээд шөнийн сэрүүнд эгшсэн биеэ сэргээх гэж нар даган сэрвэлзэх нь манцуйндаа чилээрхсэн үр умгар улаан нүүрээ үрчигнүүлэн байдгаараа суниах шиг эгдүүтэй.
Захгүй талын энтэйх мөөгөн цагаан гэрээс аргалын цэв цэнхэрхэн утаа суунаглаж, хэн нэгэн ээж хол яваа хүүдээ сайхныг билэгдэн шаргал цайныхаа дээжийг сэтгэл зүрхнийхээ хамтаар нар сөргүүлэн өргөж байгаа. Уурга суналзуулсан тэр нэгэн залуу адууныхаа зүг уудам талаар ергүүлэнхэн, амандаа ардын дуу исгэрээтэй яваа. Адууны захад нялх унага нойрондоо дийлдэн тонголзохдоо, болдоггүй хэдэн ялааг богинохон сүүлээрээ ороолгож байгаа. Айлын эхнэр тугалын зэлэн дээр үнээгээ ивэлгэх зуураа хэвлий дэх үрээ хөдлөхийг мэдэрч, тэртээ тэнгэрийн хаяанаас мандах тэг дугираг нарыг эгдүүтэй бодлоор эрхлүүлж зогсоо. Хөх аргал дээр суусан хээрийн хөх чогчиго хэзээний зангаараа саваагүйрхэн хэдэн хэлээрээ дуулан тонголзоо.
Тиймээ! Тэртээ алсад, тэнгэрийн хаяанд шахам орших тэр нэгэн оронд ийм нэгэн өглөө болж байгаа. Тэр өглөө бол сэтгэл зүрхэнд минь үргэлжид гэгэлзэн байх эх орны минь энгүйхэн өглөө . . .
Өглөө болоход байгаль дэлхий тэр аяараа сэргэн, шинэ сэргэг хөдөлгөөнд ордог шиг хүмүүн бидний сэтгэлд өглөө гэдэг яг л тэр цэнгэг агаар шигээ, цэлмэг тэнгэр шигээ, цэцэгсийн үнэр, шувуудын жиргээ шигээ уушиг цээжинд минь сэрүү татуулж, ухаан бодолд минь гэгээ гийгүүлэн ирдэг ажээ.
Одоо удахгүй хүн зоны урсгал эхлэнэ. Энэ их өргөн олны дунд урсгал үсээ задгай тавьсан уяхан нэгэн бүсгүй, нэгийг тунгааж нөгөөг сэтгэсэн итгэл төгс залуус, аав ээжийнхээ гараас хөтөлсөн алдрай бяцхан үрс, ачаа санан гэгэлзэх азай цагаан буурлууд алхах болно. Тэд бүгд энэ насанд заяасан алс хэтийн гэрэл гэгээ өөд тэмүүлж яваа нь тэр. Эднийг нэг нь би бас манай гэр бүл юм шүү дээ гэж бодохоор цэцэг хэнзлэх мэт сайхан.
Би хэр удаан цонхон дээр зогссоноо мэдсэнгүй. Магадгүй хэсэгхэн зуурч байсан байж болох л юм. Эргэж эхнэрээ харав. Гил хархан гэзэг нь дэрэн дээрээ сул асгараад цаанаа нэг тайван нойрсоно. Хүүхдүүдийнхээ өрөөгөөр шагайлаа. Бага нь хөнжлөө тийчиж хаячихаад, эхийнхээ хэвлийд ийм хэлбэртэй л байсан болов уу гэмээр атирч хэвтэх агаад зөөлөн чихмэл тоглоомоо тас тэврэн унтана. Тэр тэврэлтийг хараад хүнд хайрын зөн билэг хачин багаас ирдэг юм байна даа гэж санагдлаа. Томынх нь гар орны урдуур унжих агаад гар доор нь хуудас нь эргэсэн ном уруугаа хараад уначихаж. Унтахаасаа өмнө уншиж байсан бололтой. Нэгнийх нь хучлагыг хучиж, нөгөөгийнх нь номыг авч ширээн дээр тавиад, хаалгыг нь зөөлөн хаагаад гарахдаа би, гэр бүл үр хүүхэдтэйгээ хамтдаа элэг бүтэн амьдрана гэдэг хамгийн их хувь заяа юм даа гэж бодов.
Хүмүүн бидний хүсэл мөрөөдөл явж явж сайн сайхан амьдрахад л оршино. Харин сайхан амьдрахад нэг их юм орно гэж үү . . . Хүн гэдэг сэтгэлийн амьтаан . . .
Зохиолч: Б.Түмэнбаяр